“МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ: КЛАСТЕРЖИЛТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав

Share Button

2018 оны 9-р сарын 27-28 ны өдрүүдэд “МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ: КЛАСТЕРЖИЛТ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУСЯ-ын дэмжлэгтэйгээр МУИС-ийн Эдийн хүрээлэн зохион байгууллаа. Энэхүү хурлыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа нээсэн бөгөөд хурлын нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал доктор, профессор Ч.Ундрам, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор, профессор Д.Заяабаатар нар оролцон, “Баялаг ба боломжийг удирдах нь” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат зочин илтгэл тавьсан.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монгол судлал: соёл болон нийгэм дэх өөрчлөлт, эдийн засгийн бүс нутгийн хөгжлийг судлах шинэ аргачлал, эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, кластержилт, бодлогын төлөвлөлтийн хөгжил дэх статистикийн өгөгдлийн шинэчлэлт гэх зэрэг сэдвийг хөндөн, глобал шинэ эрин дэх Монголын нийгэм, соёл, институцийн талаарх ойлголт, кластерийн хөгжлийн өнөөгийн байдал, статистикийн инновацид тулгарч буй асуудлыг хэлэлцэн, санал туршлага солилцлоо.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 салбар хуралдаантай явагдсан.

Монголын хөгжлийн бодлого төлөвлөлт: Бүсчилсэн хөгжлийн арга зүй, статистик тоо мэдээллийн инноваци салбар хуралдааныг академич Т.Дорж удирдаж, гол илтгэгчээр “Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн арга зүй”-н  асуудлаар ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, “Албан ёсны статистик дахь инноваци” сэдвээр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, “Аймгуудын өрсөлдөх чадвар: Тоо мэдээлэл, судалгаа” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн захирал Б.Лакшми нар илтгэл тавилаа.


Салбар хоорондын хөгжлийн бодлогын уялдаа, хөгжлийн гарц хоёрдугаар салбар хуралдааныг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга, доктор Б.Энх-Амгалан удирдаж, гол илтгэлээр “Мега төслүүдийн салбар хоорондын зохицуулалтын асуудлууд” сэдвээр МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Ч.Хашчулуун, “Монгол хүмүүсийн тэнцвэртэй, тогтвортой хөгжил” сэдвээр Японы “Алмек” корпорацийн захирал, доктор Кацухидэ Нагаяама нар илтгэл тавилаа.

Монголын кластерийн хөгжил салбар хуралдааныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн захирал Б.Лакшми удирдаж, МУИС-ийн ЭЗХ-гийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа “Кластержилт: Чацарганы кластерийн санаачилга”, Сун Чүн Хян Их Сургуулийн профессор Ким Хун Жин, ШУТИС-ийн БХУС-ийн багш Т.Тамир нар “Хэрэглэгчийн сэтгэл ханамжид үндэслэсэн аялал жуулчлалын хамаарлын шинжилгээ”, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Ш.Энхтуул “Монголын ноолуурын кластер шинжилгээ” илтгэл тавилаа.

Хуралд төр нийгмийн эрхэм хүндэт зочид төлөөлөгч нар болон Эдийн засгийн хүрээлэнгийн үе үеийн ахмад судлаачид, МУИС-ийн багш нар оролцож, хурлын хоёр дахь өдөр Эдийн засгийн хүрээлэн ахмад судлаачдаа хүлээн авч, Монголын хөгжлийн чиг баримжаа, үйлдвэржилт, сэтгэлгээний өөрчлөлтийн талаар санал солилцон, туршлага судлав.

Эдийн засгийн хүрээлэн нь 1963 онд Монгол улсын ШУА-ийн харъяанд байгуулагдсан бөгөөд 1997 оноос МУИС-ийн ЭЗС-ийн бүрэлдэхүүнд орсон юм. Тус хүрээлэн нь ЭЗС -ийн эрдэмтэн багш нар болон эдийн засгийн чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудын эрдэмтэн судлаачдыг баг хэлбэрээр зохион байгуулж, шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэн, олон чиглэлт хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар