МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд “Гарааны компанийн менежмент” сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөөнд зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар ОӨГ-ын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл “Гарааны компани байгуулахад оюуны өмчийн менежментийн асуудал” сэдвийн хүрээнд патент, ашигтай загвар, барааны тэмдэгтийг оюуны өмчид бүртгүүлснээр бизнесээ зах зээлд хэрхэн хамгаалах, бусдаас ялгагдах өрсөлдөөний давуу байдлыг бий болгох болон гадны улс орнуудад гарааны бизнест оюуны өмчийн менежментийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав.
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын зохицуулалт”-ын талаар БСШУСЯ-аас инновацийг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох зохицуулалт, дүрэм журмын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж их сургуулиас төрөн гарч буй гарааны компаниудад тулгарч болшгүй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудын талаар бодит туршлага, зөвлөмж өгсөн юм.
МУИС-ийн дэргэд албан ёсоор байгуулагдсан анхны гарааны компани болох “Гарааны МБП” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.Ж.Батхүү Ургамлын биотехнологийн салбарын хөгжлийн чиг хандлага, онцлог шинж, тулгамдаж буй асуудал болон энэ салбарт гарааны компани байгуулсан туршлагаасаа хуваалцаж цаашид хэрэгжүүлж болох олон бүтээлч санал, санаачлага дэвшүүллээ.
Мөн өндөр технологийн гарааны компани “Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.А.Энхбаяр гарааны бизнесийг хөгжүүлэхэд анхаарах гол асуудлууд, компанийн алсын хараа, эрхэм зорилгыг зөв тодорхойлох, баг бүрдүүлэлт, компанийн менежментийн хүрээнд шийдвэрлэх асуудлууд, хөрөнгө оруулалт болон зарцуулалтыг хэрхэн оновчтой зохион байгуулах талаар туршлага хуваалцаж хөтөлбөрт оролцож буй багш, оюутнуудад үнэтэй санал зөвлөмжийг өгөв.
“Компанийн засаглал ба бизнесийн эрх зүйн асуудал” сэдвийн хүрээнд МУИС, Хууль зүйн сургуулийн багш, ШУ-ны магистр С.Батбаяр сургалт явуулж компани байгуулах, түүнтэй холбогдон үүсэх эрх зүйн асуудлуудыг хэрхэн төлөвлөх, компанийн засаглал, хариуцлага, эрх зүйн хэм хэмжээ, гарааны компани байгуулахад учирч болзошгүй эрсдлүүд, эрх зүйн зохицуулалтын асуудлаар оролцогчдын сонирхсон олон асуултад хариулт өгч ярилцлага өрнүүлэв.
Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн гарааны компанийн бизнес танилцуулгыг хэрхэн бэлтгэх, танилцуулгын гол агуулга, дизайныг хэрхэн оновчтой төлөвлөх, бизнес саналыг олон нийтэд амжилттай хүргэхэд хэрэглэгдэх аргачлалыг танилцууллаа.