QS байгууллагын сэтгүүлд Монгол Улсын их, дээд сургуулиудын мэдээлэл нийтлэгдэх боломж бүрдлээ /Видео/

Share Button

Өнөөдөр /2018.11.05/ МУИС-ийн Номын санд “МОНГОЛЫН ИХ, ДЭЭД CУРГУУЛИУДЫН ОЛОН УЛСЖИЛТ: ДЭЛХИЙН ТҮВШИНД ОЧИХ ЗАМ” сэдэвт сургалт-хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн QS Asia болон МУИС, АШУҮИС хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад анх удаа их, дээд сургуулийн рейтинг тогтоох олон улсын эксперт группийн /IREG/ зөвшөөрөл авсан QS байгууллагын удирдлага, төлөөлөгчид дэлхийн их, дээд сургуулиудын зэрэглэлд ороход хангах шалгуур, анхаарах асуудлын талаар хэлэлцэв. QS нь дэлхийн хамгийн нэр хүндтэй гурван рейтингийн / Academic Ranking of World Universities, Times Higher Education World University Rankings / нэг билээ.

   

Сургалт-Хэлэлцүүлэгт QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок “Түүх өгүүлэх нь: Зогсолтгүйгээр урагшилж брэнд болон нэр хүндийг бий болгох  нь”/ “Telling your Story: Going the Distance with Branding & Reputation”, QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг  “QS-ийн эрэмбэ”/ “QS Rankings”,  Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг “Олон улсжилтын жишээ ба түүнд хийсэн судалгаа”/“Internationalisation Case Study” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

QS Азийг хариуцсан ерөнхий захирал Мэнди Мок дэлхийн эрэмбэд орохын давуу тал, амжилтад хүрэхэд анхаарах чиглэлүүд болон брэндинг, маркетинг хийхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөн стратегиа оновчтой сонгож дэлхийн чансааны их сургуулиа болохдоо үр бүтээлтэй замаар хүрэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн бол QS-Ителлижэнс албаны ахлах мэргэжилтэн Самуэл Вонг QS-ийн эрэмбийн талаар, ямар шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг тухай дэлгэрэнгүй тайлбар өгөв.

Харин Сингапурын Нанян технологийн их сургуулийн гадаад харилцааны албаны захирал Жэнни Халэн Хэдбэрг тус сургуулийн танилцуулга болон дэлхийн эрэмбэд орсон туршлагаас хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үндэсний их, дээд сургуулиудын нэгдсэн сүлжээг үүсгэж шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан дэлхийн эрэмбэд ороход шаардагдах шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл цуглуулах, хүсэлт илгээх, QS байгууллагын зохион байгуулдаг хөтөлбөрүүдэд оролцох, зөвлөх үйлчилгээг авах, QS байгууллагаас эрхлэн гаргадаг нэр хүндтэй сэтгүүлүүдэд Монгол Улсын их, дээд сургуулиудын танилцуулга, мэдээллийг нийтлүүлэх замаар олон улсад үндэсний сургуулиудаа сурталчлах боломж нээгдэж буйг онцолсон юм.

Түүнчлэн дэлхийн эрэмбэд орохоор зорьж буй их, дээд сургуулиудын хувьд зөвхөн удирдлагын үйл ажиллагаа хангалтгүй бөгөөд нийт багш, ажилтан, оюутнуудын эерэг хандлага, зүтгэл чухал болохыг QS байгууллагын төлөөлөгчид тэмдэглэж байв. Хэлэлцүүлэгт БСШУСЯ, МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС, СУИС, Отгонтэнгэр их  сургуулийн төлөөлөл оролцлоо.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар