Эссе бичлэгийн уралдаан

Share Button

Төв Азийг судлагч алдарт жуулчин Н.М.Пржевальскийн 1887/88 онд Зүүнгар говиос цуглуулсан арьс, толгойн ясны дээжийг Санкт Петерсбургийн амьтан судлагч И.С.Поляков боловсруулан тодорхойлж зэрлэг адууны нэг зүйл 19-20-р зууны зааг үе хүртэл байгаль дээр амьдарсаар байгаа бөгөөд шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй байсныг тогтоож Пржевальскийн адуу хэмээн нэрлэж шинжлэх ухааны мэдлэгийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ бол эрт дээр үеэс бидний тахь хэмээн нэрлэж заншсан зэрлэг адуу байв.

Зэрлэг адуу байгаль дээр амьдарсаар байгаа тухай энэ мэдээ тухайн үед дэлхий дахинаа, ялангуяа Европ тивд дорхноо тарж амьтны хүрээлэнгийн эзэд, адууны хойрхойтон баячууд, худалдаачдын шуналын галыг асаажээ. Ийнхүү 19-р зууны эцэс, 20-р зууны эхэн үеэр зэрлэг адууг барих хөдөлгөөн манай орны баруун өмнөд хязгаарын хилийн зааг нутгаар өрнөжээ. Бие гүйцсэн амьтныг барих боломжгүй байсан тул нялх унага барьж гүүнд хөхүүлэн асран бойжуулах нь хамгийн шилдэг арга болсон тул унага барихаас өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү цөөн жилийн дотор олон унага Орос, Европын орнуудад амьдаар гарчээ. Энэ үйл явцийн дараахан байгаль дээрх тахийн тоо цөөрсөөр 1960-аад оноос хойш огт үзэгдэхээ болив. Ийнхүү 20-р зууны 60-аад онд манай гаригийн нэг том хөхтөн амьтны байгаль дээрх сүүлчийн бодгалиуд манай орны нутаг дээр амьсгал хураав.

 

Хэдийгээр тахийн унага барьж гадаадад гаргасан нь өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад зэрлэг балмад үйлдэл байсан ч энэ амьтныг амьтны хүрээлэнд аваачсанаар түүнийг эгнэгт устахаас аврах ирээдүйтэй ажлын эхлэлийг тавьснаараа үнэлж барамгүй үнэ цэнэтэй үйл явдал байжээ. Байгальд элэгтэй олон мянган хүний олон арван жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар тахийг уугуул эх оронд нь авч ирж зэрлэгшүүлэх ажил манай оронд эхэлснээс хойш эдүгээ 20 дахь хавартайгаа золгож байна. Энэ бол байгаль хамгааллын олон улсын практикт монголчуудын оруулж байгаа үнэтэй хувь нэмэр юм.

 

Тахийг сэргээн нутагшуулах ажил эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион бичлэгийн уралдаан зарлаж байна. Зохион бичлэгийн уралдааны гол зорилго бол монгол түмний сүлд хийморь болсон адууны зэрлэг өв болох тахийн эмгэнэлтэй болон бахархалтай түүх, түүнээс авах сургамж, энэ гайхамшигт үйл явдлын өнөө болон ирээдүйн үнэ цэнийг олон талаас нь дүгнэн цэгнэж уран сайхнаар буулгах, ингэснээрээ тахь сэргээн нутагшуулах ажлын ач холбогдол, үнэ цэнийг олон нийтэд сурталчилахад оршино.

Уралдаанд ирүүлсэн шилдэг бичлэгийг нэгтгэж эмхэтгэл болгон хэвлүүлж олны хүртээл болгохоос гадна эхний 3 шилдэг бичлэгийн эздэд мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулна. Уралдаанд ирүүлэх материал 0,5 х.х. буюу бичгийн А4 цаасны 4 нүүрээс хэтрэхгүй хэмжээтэй байх бөгөөд зохиогчийн хаяг, гарын үсэгтэй хэвлэмэл эхийг МУИС-ийн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн 483 тоот өрөөнд хүлээн авна. Электрон эхийг samiya@num.edu.mn хаягаар “TAKHI” гэсэн ялгах үгтэй ирүүлнэ үү. Материалыг 2012 оны 4-р сарын 30 хүртэл дээрх хаягаар хүлээн авна.

 

Зохион байгуулах комисс

МУИС-ийн ББС, Амьтан судлалын тэнхим

Оюутны “Экологи – Эрдэм” клуб

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар