Европын холбооны Эрасмус плас төслийн хүрээнд хэрэгжиж буй “Докторын хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд /интернациональчлах/ чиглэсэн оновчтой чанарын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх” зорилго бүхий C3QA төсөл нь 2017 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Төслийн гол зорилго нь докторын сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын талаарх сайн жишээнээс суралцаж өөрийн оронд нэвтрүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим докторын хөтөлбөрөө БМИҮЗ-өөр магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж, өөрийн үнэлгээний тайлан боловсруулсан юм.
Биологи F05110101 хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн ахлагчаар тэнхимийн эрхлэгч Б.Оюунцэцэг, нарийн бичгийн даргаар Д.Нямбаяр, гишүүдэд Биологийн тэнхимийн эрдэмтэн багш, ажилтад ажиллаж БМИҮЗ-ийн “Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”-ын дагуу 6 бүлэг бүхий тайлан боловсруулсан нь Erasmus+C3QA төслийн хүрээнд шинээр боловсруулж, баталсан докторын хөтөлбөрийн шинэ шалгуур, шаардлагын дагуу бэлтгэсэн анхны тайлан юм. Мөн хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчдийн багт Монгол, Франц, Армени, Украйны 6 шинжээч ажиллаж байгаа нь онцлог бөгөөд цаашид докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг олон түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчдийн багт үндэсний шинжээчээр ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Т.Ган-Эрдэнэ, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, доктор О.Баатарцогт, олон улсын шинжээчээр Францын (University of Clermont Auvergne) доктор Jean-Marc Lobaccaro, Украйны (Kharkiv National University of Economics) доктор Tetyana Borova, Арменийн (Yerevan State University) доктор Aleksandr Grigoryan, Арменийн магадлан итгэмжлэлийн (ANQA) байгууллагын захирал Ruben Topchyan нар багтаж байна.
Олон улсын шинжээчдийн баг, Биологийн хөтөлбөрийн багш, ажилтан, суралцагч, төгсөгч, ажил олгогчтой уулзалт хийж, сургалтын орчин, материаллаг болон технологийн нөөцийг үзэхийн зэрэгцээ холбогдох баримт бичиг, нотлох эх сурвалжид дүн шинжилгээ хийж, хөндлөнгийн үнэлгээний тайлангаа БМИҮЗ-ийн Байгалийн ухааны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.
Өнөөдөр ажлаа эхэлж буй шинжээчдийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан, Хөтөлбөр ба чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван нар хүлээн авч уулзав.