МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль, Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэдэх Математик хэрэглээ төв, Инноваци, технологи дамжуулах төв хамтран Монгол улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар”-ыг хоёр дахь удаагаа 2019 оны зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн семинарт Гэрэгэ Партнерс ХХК, Авто СОС ХХК, АйТи Зон ХХК болон Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өөрийн үйл ажиллагаа, бизнест тулгамдаж буй 4 асуудлыг дэвшүүллээ. Эдгээр асуудлууд дээр МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, МГАМТДС болон Математикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид болон оюутнууд 4 багт хуваарилагдан тухайн асуудлын математик шийдлийг зохих хэмжээнд гарган ажиллалаа.
Семинарт дэвшигдсэн асуудлууд болон түүний шийдлийг товчлон бичвэл:
Ай Ти Зон ХХК-ны зүгээс “Эргэлтийн энкодер ашиглан хурд сэргээх” сэдвээр асуудал дэвшүүлсэн. Өөрөө явагч роботын дугуйны эргэлтийн хугацааг хэмжигч сенсорын дискрет мэдээлэлд үндэслэн дугуйны эргэлтийн хурдыг хэрхэн алдаа багатайгаар үнэлж болох тухай асуудал байсан бөгөөд хурдыг оновчтойгоор үнэлж чадвал цаашлан роботын явсан траектор(байршил)-ыг зөвхөн энэхүү эргэлтийн хугацааны мэдээллээс байгуулж болох тухай практик хэрэглээ бүхий бодлого байсан. Уг асуудлын хүрээнд доктор З.Ууганбаяраар удирдуулсан баг Академич Т.Жанлав болон доктор Р.Мижиддорж нарын боловсруулсан Интегро сплайн байгуулах тухай онолын судалгааны үр дүнд суурилан эргэлтийн энкодерийн мэдээллээс хурдыг оновчтой сэргээх загвар боловсруулан тоон туршилтаар баталгаажуулсан үр дүнг амжилттай гаргаж чадлаа.
Гэрэгэ Партнерс ХХК-ны зүгээс “IPO тооцох аргачлал” сэдвийн доор хөрөнгийн зах зээлд компаниудын гаргахаар төлөвлөж буй үнэт цаасыг компаний одоогийн үнэлгээ болон ирээдүйн үнэлгээнээс хамааруулан хэрхэн тооцох тухай аргачлал боловсруулах асуудал байлаа. Энд дэвшүүлсэн гол асуудал нь тодорхой үнэ бүхий үнэт цаас гаргасан гэж үзэхэд компаний ашиг хэрхэн байхыг урьдчилан үнэлсний дараа гаргах гэж буй үнэт цаасны үнэд уг ирээдүйн ашгийн үнэлгээг хэрхэн оруулан тооцоолох тухай асуудал байсан юм. Энэхүү асуудлыг доктор А.Энхбаяраар ахлуулсан баг амжилттай судалж, ирээдүйн үнэ цэнийг оновчтой үнэлсний дараа үнэт цаасны үнийг хэрхэн тогтоох тухай аргачлалыг боловсруулсан.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зүгээс “Монгол ямааны зарим удмын биеийн үндсэн хэмжээсүүдийн хоорондын хамаарал” сэдвээр асуудал дэвшүүллээ. Энэхүү асуудал нь ямааны биеийн үндсэн долоон хэмжээсээс аль нь бусад хэмжээсүүдээ хэдэн хувийн итгэлцүүртэйгээр төлөөлж чадахыг тодорхойлох, цаашид биеийн хэмжээсийг авахад ямар үзүүлэлтийг чухалчлан үзэх ёстойг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилго бүхий бодлого байсан. Уг асуудлыг профессор О.Цэрэнбатаар ахлуулсан баг судлан зохих үр дүнг амжилттай гаргасан. Тухайлбал ямааны нас, хүйс, удмыг тооцох тохиолдолд “цээжний бүслүүрийн хэмжээс” нь биеийн бусад хэмжээсийг дунджаар 64.8 хувиар илэрхийлж чадах, харин тооцоогүй тохиолдолд “амьдын жин” нь бусад хэмжээсийг 43 хувиар төлөөлж чадахыг тогтоосон. Мөн биеийн ямар хоёр хэмжээсээр бусад хэмжээсүүдийг илэрхийлж чадах тухай судалж үзэхэд нас, хүйс, удмыг тооцсон тохиолдолд “цээжний бүслүүр” болон “хондлойн өндөр”, харин тооцоогүй тохиолдолд “амьдын жин” ба “цээжний бүслүүр” нь хамгийн өндөр хувиар бусад хэмжээсүүдээ төлөөлж чадахыг тодорхойлсон.
Мөн тус хүрээлэнгийн зүгээс “Бэлчээрийн биофизик загварчлал” сэдвийн хүрээнд нэмэлт асуудал дэвшүүлсэн бөгөөд уг асуудлыг тус багийнхан судлан, дөрвөн улирлын онцлогыг тооцсон динамик загвар байгуулж тодорхой шийдэлд хүрч чадсан байна.
Авто Сос ХХК-ны зүгээс “Авто ослын дуудлагыг оновчтой зохион байгуулах” сэдвийн хүрээнд нийслэл хотод тохиолдож буй авто ослын газарт дуудлагын машин хамгийн богино хугацаанд очдог байх дуудлагын машины байршил, бүсчлэлийг хамгийн бага зардалтай байхаар тодорхойлох зорилго бүхий асуудал байлаа. Уг асуудлыг доктор М.Мэнд-Амараар ахлуулсан багийнхан амжилттай судалж, ослын тоон өгөгдөлд суурилсан симуляци хийж, дээрх зорилгод хэрхэн хүрэх тухай оновчтой хувилбаруудыг боловсруулан бодлого дэвшүүлэгч талд санал болголоо.
Энэхүү дэвшүүлсэн асуудлуудыг МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, МГАМТДС зэрэг их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар болон оюутнууд дөрвөн бүлэгт хуваарилагдан долоо хоногийн турш ажилласан юм.
Семинарын сүүлийн өдөр тайлангийн хурал явагдсан бөгөөд асуудал дэвшүүлсэн байгууллагуудын төлөөлөл асуудлын боломжит шийдлүүдийг сонсон, өөрсдийн үйл ажиллагаандаа шууд хэрэглэж болох үр дүн, хойшид юун дээр анхаарах ёстой талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа гаргасанд талархал илэрхийлж, цаашид хамтын судалгааг улам өргөжүүлж олон талаар хамтран ажиллах, нэмэлт судалгаанууд хийх боломжтой талаар санал бодлоо илэрхийлж байсан юм.
“Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар-3”-ыг уламжлал ёсоор ирэх жилийн 6 дугаар сард хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд уг семинарыг сонирхож буй байгууллага, эрдэмтэн судлаач та бүхэнд бидний хаалга үргэлж нээлттэй байх болно.
МУИС-ХШУИС Хэрэглээний математикийн тэнхим
Математик Хэрэглээ төв
МУИС-Инноваци, технологи дамжуулах төв