МУИС-ИЙН 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ СУДЛААЧ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

МУИС-ИЙН 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД

“ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ СУДЛААЧ ХАМТЛАГ”

ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

1.1         Энэхүү удирдамжийн зорилго нь:

1.1.1     МУИС байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд шинжлэх ухааны суурь болон хэрэглээний судалгаа, технологийн салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан МУИС-ийн “судлаач” судалгааны хамтлагийг шалгаруулан урамшуулах,

1.1.2     Монгол үндэстний болон олон улсын хэмжээнд байгаль, нийгэм хүмүүнлэг, инновац, техник технологи, инженерчлэлийн салбарт 70 жилийн хугацаанд гаргасан нээлт, эрдэм шинжилгээ, судалгааны хэвлэгдсэн бүтээл Монгол хүний мэдлэг дэлхийн түвшинд хүрсэнг батлаж, шилдэг судалгааны шавь “сургууль”-ийг шалгаруулан урамшуулах,

1.1.3     МУИС-ийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилтан, суралцагч, профессорын баг, судалгааны хамтлагийн 70 жилийн хугацаанд гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүнг үнэлэх, эрдэм шинжилгээний ажлын ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

Хоёр. Шалгаруулалтанд нэр дэвшүүлэх бүтээлд тавигдах ерөнхий шаардлага, бүтээлийн нэр төрөл

2.1       Шалгаруулалтанд нэр дэвшүүлж байгаа бүтээл нь шинжлэх ухааны танин мэдэхүйн төвшин, суурь, хэрэглээний судалгаа, зорилтод судалгаа боловсруулалт, техник технологийн шийдэл, шинэ төрлийн материал, бүтээгдэхүүн гарган авах, нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, судалгааны шавь сургуулийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна.

2.2       Шалгаруулалтанд дэвшүүлэх бүтээлийн нэр төрөл:

2.2.1   Онолын суурь болон хэрэглээний судалгааны салбарт хийсэн суудалгааны үр дүнг нэгтгэн бичсэн монограф, шинжлэх ухаан, технологийн тодорхой салбарын тулгамдсан асуудлаар хийсэн судалгааны нэн шилдэг ажлын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөрөгдсөн үр дүнг илтгэх эрдэм шинжилгээний өгүүлэл, профессорын баг, судалгааны хамтлагийн олон жилийн ажлын үр дүнг багтаасан хамтын цуврал бүтээл,

2.2.2   Зохион бүтээсэн багаж, тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүн, ашигтай загвар, үйлдвэрлэл, практикт нэвтрүүлсэн шинэ технологи гэх мэт судалгааны ажлын бодит үр дүн,

2.2.3   Шинээр олдсон түүх, соёлын ховор нандин дурсгал, эд өлгийн зүйлс, ховор олдворын эрдэм шинжилгээний ач холбогдлыг эхний байдлаар тодорхойлон гаргасан бүтээл байж болно.

2.3       Шалгаруулалтанд МУИС-ийн судалгааны шавь “сургууль”-иудын 70 жилийн хугацаанд туурвисан бүтээлийг дэвшүүлнэ. Судалгааны салбарын онцлогоос хамаарч практик үйлдвэрлэлд бодитойгоор нэвтэрсэн бүтээлийг бас дэвшүүлж болно.

2.4       Шалгаруулалтанд бие даасан судлаачид, профессорын баг, судалгааны хамтлагийн бүтээлийг дэвшүүлж болно. Судалгааны хамтлагт бусад байгууллагын болон гадаадын эрдэмтэн байж болно.

2.5       МУИС-ийн 70 жилийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг Байгалийн шинжлэл, Нийгэм-Хүмүүнлэгийн ухаан гэсэн хоёр салбараар тус тус явуулж хоёр шилдэг судлаач хамтлагын бүтээл шалгаруулна ( 1-р байр нэг, 2-р байр нэг, 3-р байр нэг).

Гурав. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үе шат, бүрдүүлэх материал

3.1       Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтанд нэр дэвшүүлэх анхдагч нэгж нь профессорын багаас бусад бүтцийн нэгж болох тэнхим, судалгааны лаборатори, төв, хүрээлэн байна.

3.2       Анхдагч нэгж өөрийн хамт олны дотроос шилдэг бүтээлийн шалгаруулалтанд нэр дэвшүүлэх бүтээлийн талаар хамт олны хурлаар нээлттэй, ил тод хэлэлцэх ба олонх дэмжсэн нөхцөлд тухайн ажлыг дэвшүүлэх үндэслэл, хамт олны албан ёсны шийдвэр гаргана.

3.3       Анхдагч нэгжээс нэр дэвшүүлсэн бүтээлийг түүний танилцуулга, хамт олны хурлын шийдвэрийн хамт бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлд ирүүлнэ. Үр дүнг практикт нэвтрүүлсэн байгууллагын тодорхойлолт заавал авсан байна.

3.4       Бүрэлдэхүүн сургуулиас томилсон комисс ирүүлсэн материалтай нэг бүрчлэн танилцаад оноолон үнэлж, үндсэн нэгж бүр хамгийн өндөр үнэлгээ авсан нэг бүтээлийг Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэст ирүүлнэ. Ирүүлэх материалд анхдагч нэгжээс дэвшүүлэхэд бүрдүүлсэн материал, үндсэн нэгжийн комиссын оноолж шалгаруулсан дүн, түүнийг үндсэн нэгжийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталгаажуулсан албан ёсны шийдвэр зэрэг бичиг баримт дагалдана.

3.5       МУИС-ийн 70 жилийн ойн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар “peer-review” хөндлөнгийн шинжээчдийн комисс гүйцэтгэнэ. Шалгаруулах комисс үндсэн нэгжээс дэвшүүлсэн бүтээлд шаардлагатай гэж үзвэл гадны мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно.

3.6       Бүтээлийг оноолон дүгнэж, шалгаруулахдаа Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, түүнд харгалзах оноог баримтална (Хавсралт 1).

Дөрөв. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг шалгаруулах хугацаа, шагнал

4.1       МУИС-ийн 70 жилийн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтыг 2012 оны 9 дүгээр сарын 21-ны өдрийн дотор багтаан бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд явуулж, МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирлын албад ирүүлнэ.

4.2       МУИС-ийн 70 жилийн ойн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шалгаруулалтыг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор багтаан явуулж, шалгарсан МУИС-ийн судалгааны хамтлагт МУИС-ийн 70 жилийн ойн үеэр шагнал гардуулна.

4.3       МУИС-ийн 70 жилийн ойн эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагналын гэрчилгээ олгох ба мөнгөн шагнал (нэгдүгээр байр 3 сая, хоёрдугаар байр 2 сая, гуравдугаар байр 1 сая төгрөг) дагалдана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар