Монгол улсын их сургууль “Судалгаанд суурилсан их сургууль” болох эрхэм зорилготой ажиллаж, сургалтыг энэ чиглэлд өөрчлөн, суралцагчдад онол, практикийн мэдлэгийг хослуулан олгох судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлж байна.
Мөн сургалтынхаа үйл ажиллагааг бүрэн кредит системээр явуулах бүх талын нөхцлийг хангаад байна. Сүүлийн хоёр хичээлийн жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмуудаа энэ чиглэлд шинэчлэн боловсруулж, мөрдүүлж эхэлсний үрээр манай оюутнууд бүрэн кредит системээр суралцаж, барууны өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад суралцагчдын нэгэн адил дан мэргэжлээр суралцахын зэрэгцээ хавсрага мэргэжлээр, цаашилбал хос мэргэжлээр суралцах боломжтой боллоо. Энэ нь суралцагчдын сонголтын хүрээг тэлсэн, чанартай, салбар дамнасан, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн боловсрол эзэмших боломжийг олгосон үр дүнтэй арга хэмжээ болж байна.
Сургалтын чанарыг сайжруулах нь дээд боловсролын байгууллагуудын мөнхийн зорилго байдаг. Энэ хүрээнд МУИС өнгөрсөн хичээлийн жилүүдэд олон улсын болон үндэсний хэмжээнд бакалаврын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэх ажлыг нэлээд далайцтай хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, ЭЗС эдийн засгийн болон бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгодог 12 хөтөлбөрөө АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр магадлан итгэмжлүүлэхээр ажиллаж байгаа ба энэ хичээлийн жилд энэ ажил дуусна. Мөн сургалтын орчинг сайжруулах чиглэлд анхаарч, зөвхөн өнгөрсөн хичээлийн жилд гэхэд ФЭС, ХХИС, МКС зэрэг нэлээд хэдэн сургууль сургалтын лабораториудаа шинэчилсэн ба АХБ, БШУЯ зэрэг байгууллагууд ихээхэн дэмжлэг үзүүллээ.
1942 онд тус сургууль байгуулагдсан цагаас хойш олон мянган бакалаврын боловсролтой иргэнийг бэлтгэж гаргасан нь улс орны нийгэм эдийн засгийн салбар бүрт янз бүрийн шатанд амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 3677 төгсөгч МУИС-ийн 16 сургуулийг дээд боловсролын бакалаврын зэрэгтэй төгссөн ба энэ хичээлийн жилд 131 хөтөлбөрт 4350 оюутан элсээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудаас хамгийн шилдэг сурагчид МУИС-д элсэн ордог ба суралцах явцдаа шинжлэх ухааны тодорхой чиглэлд чанартай онол, практикийн мэдлэг, чадвар олж авч, өндөр боловсролтой бие хүн болж төлөвшин гардаг. Өндөр боловсрол нь дан ганц оюутны сурлагын амжилтаар хэмжигдэхгүй тул МУИС оюутнуудынхаа бусад талыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, санаачлагатай ажиллаж байна. Оюутан 20 гаруй төрлийн тэтгэлэгт хөтөлбөрүүдээс сонгон, сургалтын тэтгэлэгт хамтрагдан суралцахын зэрэгцээ дуу хөгжим, бүжгийн дугуйланд хамрагдах, хүсэл сонирхлоороо нэгдсэн төрөл бүрийн оюутны бүлэг, клубын гишүүн болж өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ сургууль, хамт олон, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой.
МУИС ирэх 10 дугаар сарын 5-нд 70 жилийнхээ ойг тэмдэглэх ба ойгоо угтан олон арга хэмжээг зохион байгуулж байна. МУИС-ийн оюутны фестифаль энэ сарын сүүлээр зохион байгуулагдах ба энэ арга хэмжээний хүрээнд оюутны эрдэм шинжилгээний чуулган, форум, бусад ажил зохион байгуулагдана.
Нийт багш, ажилтан, оюутан та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага урлаг спортын өндөр амжилтийг хүсэн ерөөе.