Энэ сарын 13-нд МУИС-ийн оюутан, багш, ажилчдад зориулан “Цусны донорын аян” зохион байгуулагдаж нийт 100 оюутан цусаа хандивлан 300 хүний амийг аварлаа. Нэг хүний бэлэглэсэн 350-400 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэдэг ажээ. Уг аяныг МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” /ЗУЗ/ клуб, Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс хамтран гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
МУИС-ийн оюутнууд цусаа хандивлалаа
Бидний бэлэглэж буй цус төрөхийн хүндрэлтэй эхэд, томоохон мэс ажилбарууд, осол гэмтэлт өртсөн, хорт хавдар, цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай өвчин эмгэгтэй хүмүүсийн амь насыг авардаг. Тэгвэл цусаа бэлэглэж буй бидэнд яг ямар ач холбогдолтойг тодруулахаар МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клубийн дэд тэргүүн Д.Маргадгоотой ярилцлаа.
МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубийн дэд тэргүүн Д.Маргадгоо
Өмнө нь МУИС дээр гурван удаа уг аян зохион байгуулагдаж байсан. Өмнөх жилээс оюутнуудын хандлага өөрчлөгдсөн байна уу?
- Анх донорын аян зохион байгуулагдахад оюутнууд цусны донорын талаар харьцангуй бага мэдээлэлтэй байсан. Харин одоо оюутнууд маань мэдээлэл сайтай болсон учраас ч тэр үү идэвхтэй оролцож байна. Хамгийн гоё нь бүгд донор болох их хүсэлтэй байж өмнөх өдөр нь бидэн рүү холбогдож юу идэх ёстой, юу идэх ёсгүйгээ асууж гамаа сайтар барин ирж байна. Монгол Улсын цусны хангамжийн 70 хувийг оюутнууд эзэлдэг. Эндээс харахад л оюутнууд их идэвхтэй нь мэдэгдэж байна шүү дээ.
Өмнө нь цусаа хэдэн удаа өгч байсан бэ?
- Өмнө нь хоёр удаа өгч байсан. Өнөөдөр өгснөөр гурав боллоо. Гурван сарын дараа дахиж цусаа өгөөд үүнээс цааш цусны сийвэнгээ өгөх төлөвлөгөөтэй байна.
Цусны сийвэн өгөхөд биед ямар нэгэн муу нөлөөгүй юу? Цусны сийвэн хандивлах талаар мэдээлэл өгөөч.
- Хүний цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн авдгийн нэг нь сийвэн. Сийвэнг 14 хоногтоо нэг удаа өгөх боломжтой. Дөрвөн удаа өгсний дараа нэг удаа амарч байж цус юм уу сийвэнгээ өгдөг. Цусны сийвэн авахын тулд цусыг нь аваад аппаратанд хийж сийвэнг ялгаад буцааж цусыг нь хийдэг. Энэ нь цуснаас хамгийн шим тэжээлтэйг нь авч байна гэсэн үг. Тэгэхээр цус өгснөөсөө илүү ядардаг. Тухайн хүний гормоноос шалтгаалаад зарим нь таргалах магадлалтай.
Цусаа өгөх нь өгч байгаа хүндээ ямар ач холбогдолтой вэ?
- Цусны эргэлт хурдсаж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо сайжирч, мартамхай болох өвчнөөс сэргийлнэ. Биед байгаа цусыг аваад шинэ цус нөхөн төлжиж байгаа учраас биед муу биш сайн.
Анх удаа цусаа хандивлан гурван хүнд амьдрал бэлэглэсэн оюутнууд мөн сэтгэгдлээ хуваалцлаа.
Э. Халиун, МУИС-ийн олон улсын харилцаа, 2-р түвшин
Эртнээс хүсэж байсан болохоор үнэхээр сайхан санагдаж байна. Ядарч сульдаад байгаа юм шиг санагдсан ч сэтгэлдээ эрч хүчтэй, сэтгэл хангалуун байлаа. Бага ангид байхдаа цусаа хандивласнаар гурван хүний амийг аварч болдгийг мэдсэн. Үүнээс хойш энэ нь их том буян юм байна гээд цусаа хандивлахыг хүсэх болсон.
Т. Тэлмэн, МУИС-ийн сэтгэл судлал, 2-р түвшин
Зүүнээс бага зэрэг айдаг болохоор жоохон эвгүй байсан ч хүний амь аварна гэж бодохоор сайхан санагдсан. Би эхлээд тэр том уутаар нь дүүрэн авах юм болов уу гэж бодсон чинь бага багаар аваад нийлүүлдэг юм билээ. Том зүү судас руу орох мэдрэмж бас л шинэхэн байсан шүү. Гараа дэрлээд унтчихсан юм шиг бага зэрэг гар бадайрдаг юм байна.
Б. Дэлгэрбат, МУИС-ийн хятад орон судлал, 2-р түвшин
Бага зэрэг айдас байсан. Гэхдээ би өөрөө улаан загалмайн гишүүн, мөн цусаа бэлэглэх нь сайн үйл гэж бодсон болохоор айдсаа давах амархан байсан. Өмнө нь цусны донорын тухай ямар ч мэдлэггүй байсан болохоор цусаа өгч байгаагүй.
Бэлтгэсэн: Б.Намуун, Сэтгүүл зүй, 2-р түвшин