“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь-2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Share Button

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль хамтран хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, бусад салбар шинжлэх ухаантай уялдуулах, эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь-2019” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутан, ажилтан, судлаач, эрдэмтдээс нийт 60 гаруй судалгааны ажил, бүтээл ирүүлснээс шилдэг 8 бүтээл шалгарч, илтгэлээ хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлсэн 8 илтгэлийг практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн дүгнэлт, судалгааны арга аргачлал, илтгэх ур чадвар зэрэг  үзүүлэлтүүдийг тус тус харгалзан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан. Үүнд:

1 дүгээр байр: ШУТИС, Мэдээлэл холбооны технологийн сургууль Б.Билгүүн, Х.Гомбо, Б.Дорж, Т.Амартүвшин нар “Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг таяг” сэдвээр;

2 дугаар байр: ОТИС-ийн СХСС-ын тэнхимийн багш Х.Алтанхундага, МУБИС-ийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш Доктор, профессор Б.Туяа нар “Сургуулийн өмнөх ахлах насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг, дэмжлэгийн судалгааны үр дүн” сэдвээр;

3 дугаар байр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт М.Уянга, Т.Золзаяа нар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” сэдвээр тус тус шалгарсан.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Эрүүл мэнд, Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хамгаалал, Дэд бүтэц, мэдээллийн хүртээмж, Техник ба мэдээллийн технологи, Хууль, эрх зүй зэрэг 7 бүлэг агуулгын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн өөрсдийн шинэ санал санаачилга, мэдлэг, туршлагуудыг дэвшүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон бөгөөд эрдэмтэн, судлаачид, зочид оролцогч, багш оюутнууд, үзэгч сонирхогчид нийт 100 гаруй хүн хамрагдлаа.

ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон жил бүр тэмдэглэж өнгөрүүлэхийг бүх гишүүн орнууддаа уриалсан байдаг. 2019 оны энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Сургууль,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран оюутны “Парламентын  мэтгэлцээн”-ийг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.

Уг мэтгэлцээнд МУИС-ийн мэтгэлцээний клубийн 8 багийн 16 оюутан оролцож, өөрсдийн оюун мэдлэг, авьяас, илтгэх ур чадвараар өрсөлдлөө. Оролцогчдын хөгжлийн бэрхшээлийн салбарын болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийн талаарх мэдлэг ойлголтын хүрээ урьд жилүүдээс илүү нэмэгдсэн, асуудлыг нарийвчлан хэлэлцэж, зөв шийдлүүдийг гарган, түүнийгээ оновчтой хамгаалан мэтгэлцэж байгаа нь шүүгчдийн анхаарлыг татаж байлаа.

Шилдэг 4 багаар:

1-р байранд “Best 1” баг,

2-р байранд “Idea” баг,

3-р байранд “Negrem” баг,

Тусгай байранд “Moral” баг тус тус шалгарч шагнагдлаа.

Хөгжлийн бэрхшээлийн салбарын талаарх олон асуудлуудыг хөндөн  хэлэлцүүлснээр оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж буй асуудлуудыг судалж, ойлгох, тэдэнд тулгамддаг бэрхшээлийн шийдлийг олох, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын үзэл бодлыг ойлгож, хүндэтгэх, хамтын ажиллагаа харилцааны чадваруудыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар