Багш боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг ШУС-ийн Байгалийн болон Хүмүүнлэгийн ухааны салбарын 9 тэнхим хамтран оюутнуудын хичээлийн судалгаа хийх, багшлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Ур чадварын тэмцээн” 12 дугаар сарын 12-нд болж өндөрлөлөө.
Энэ удаагийн багшлах ур чадварын тэмцээний 2 дугаар шатанд 12 баг оролцож хичээлийн судалгааны үр дүнгээрээ илтгэл тавьж, үзэсгэлэн гаргалаа. Мөн энэ жилийн нэг онцлог нь тэмцээнийг чанаржуулах зорилгоор мэргэжлийн заах арга зүйн багш нарын баг хамтран үнэлгээний рубрик боловсруулан туршсан явдал байв. Энэ нь багш нар хичээлийн судалгаанд тулгуурласан судалгаа шинжилгээний ажил хийх, энэ чиглэлээр олон улсын хуралд оролцох, өгүүлэл нийтлүүлэх, хөтөлбөрүүдийг сайжруулах зэрэг олон ажлын эхлэл юм.
Тэмцээний хүрээнд нэг талаас оюутнууд хоорондоо судалгаат хичээлийн үр дүн, заах ур чадвараараа өрсөлдөж байгаа боловч танилцах, мэдлэг, чадвар, туршлагаа солилцох, мэргэжлээрээ бахархах нь гол үр дүн юм. Мөн тэмцээний хүрээнд оюутан багш нар хичээлийн судалгаа хийж багаараа хөгжих соёл төлөвшиж байгаа нь цаашдаа хөтөлбөрүүдийн үр дүн, нэр хүнд дээшлэхэд чухал үйл явц билээ.
Тэмцээнд 20 орчим баг бэлдэж эхэлсэн байсан боловч 2 дугаар шатанд 12 баг үлдсэн. Эдгээр оюутнууд зөвхөн хичээл заах ур чадвараар төдийгүй багаар ажиллах, удирдан зохион байгуулах, манлайлах, эрэл хайгуул хийх гэх мэт өргөн хүрээний олон чадваруудаа дайчлан тулгарсан асуудлуудыг шийдвэрлэн 2-р шатанд оролцсон нь том амжилт болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Тиймээс багуудад БУС хариуцсан захирал Ц.Амартайван баяр хүргэж дурсгал хадгалуулав. Цаашлаад байгалийн ухаан ба нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар тус бүр 3 байр шалгаруулан ШУС-ийн захирал Д.Заяабаатарын илгээмж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан. Үүнд:
Байгалийн ухааны салбар
1-р байр: Багш, Байгалийн ухааны боловсрол, Хими, Ч.Жавзандулам, У.Ариунжаргал, Б.Цэндхүү, Т.Лхагвасүрэн, “Хүчилтөрөгч хийг гарган авах, хураах таних арга”
2-р байр: Багш, Математикийн боловсрол, О.Алтангэрэл, Б.Бүжинлхам, О.Оюун-Эрдэнэ, О.Саранзул, “Цилиндр түүний гадаргуун талбай”
3-р байр: Багш, Байгалийн ухааны боловсрол, Физик, О.Цэрэндолгор, Н.Чанцалдулам, С.Самданжигмэд, С.Мөнхзаяа, “Агаарын даралт”
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар
1-р байр: Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол, Б.Батбаясгалан, Г.Гантигмаа, Д.Сувдмаа, Ц.Түвшинзаяа, Ө.Ундармаа, “Эмээлийн магтаал”
2-р байр: Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол, Г.Гүндэгмаа, Г.Пүрэвсүрэн, И.Цэрэнханд, Ш.Ширнэн, Б.Энхтөр, “Дуудлага ижил бичлэг өөр үгс”
3-р байр: Багш, Нийгмийн ухааны боловсрол, Түүх, Ц.Ганчимэг, Г.Хорлоо, Б.Жавзансүрэн, С.Дэлгэрмөрөн, О.Хоролсүрэн, “Эртний улсуудын аж ахуй, технологийн дэвшил”
Багшлах ур чадварын тэмцээнийг чанаржуулах, улам бүр үр дүнтэй болгохын тулд хамтран ажиллаж байгаа заах арга зүйн багш нарын хамтлагт, мөн тэмцээнийг дэмжиж бүх талаар дэмжиж ажилладаг ШУС-ийн удирдлагуудад Багш боловсролын хөтөлбөрийн нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг