МУИС-ийн хууль зүйн сургуулийн баг 18 дахь удаагийн ОЛОН УЛСЫН арилжааны АРБИТР, хэлэлцээний ТЭМЦЭЭН (INTERCOLLEGIATE NEGOTIATION COMPETITION)-Д амжилттай оролцлоо

Share Button

2002 оноос хойш жил бүр олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй 18 дахь удаагийн “Олон улсын арилжааны арбитр, хэлэлцээний тэмцээн” (Intercollegiate Negotiation Competition) 2019 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон Улсын Токио хотод Софиа их сургууль дээр болж өнгөрлөө.  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг уг тэмцээнд 3 дахь жилдээ оролцсон бөгөөд тэмцээнд Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль, Мельбурны их сургууль зэрэг олон улсад нэр хүндтэй нийт 30 их сургуулийн 58 баг, 230 гаруй оюутан оролцсоноос манай баг нэгдсэн дүнгээр 8 дугаар байрт шалгарч өнгөрсөн жилийн амжилтаа бататгалаа. 2018 онд тус сургууль шагналт 7 дугаар байр эзэлсэн юм.

Энэ тэмцээн нь арилжааны чиглэлээр арбитрын хуралдаанд маргааны талуудыг төлөөлөх болон үр ашигтай хэлэлцээ хийхэд олон улсад өрсөлдөхүйц өндөр ур чадвар бүхий эрх зүйн мэргэжилтэн бэлтгэх зорилготой. Тэмцээний шүүгчдээр Японы болон олон улсын Барын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, олон улсад нэр хүнд бүхий их сургуулийн профессорууд, томоохон компаниудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл ажилладаг.

Тэмцээн нь арбитрын хуралдаан (arbitration) болон хэлэлцээ (negotiation) гэсэн хоёр хэсэгтэйгээр явагддаг ба хэсэг бүрд авсан оноог нэгтгэх байдлаар оролцогч их сургуулиудын эзлэх байрыг тодорхойлдог. Арбитрын хуралдааны хэсэгт өмнө өгөгдсөн маргааны үйл баримт, түүнд холбогдох талуудын хооронд байгуулагдсан гэрээ, бусад нотлох баримт болон Олон улсын арилжааны гэрээний тухай UNIDROIT-ын зарчмыг ашиглан нэхэмжлэгч, хариуцагч талын өмгөөлөгчдийг төлөөлөн мэтгэлцэх бол хэлэлцээний хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтны дүрээр хэлцэл хийж өрсөлддөг.

 Энэ жил МУИС-ийн ХЗС-аас англи болон япон хэлээр 2 баг оролцсон ба англи хэлээр оролцсон баг эхний хэсэгт Австралийн шигшээ баг (Австралийн үндэсний их сургууль, Аделэйдийн их сургууль, Мельбурны их сургууль, Гриффитын их сургууль, Күйнсландын их сургууль, Сиднейн их сургуулийн дундаас шалгарсан)-тай, япон хэл дээр оролцсон баг Японы Гакүшүйн их сургуулийн багтай, хоёрдугаар хэсэгт англи хэлээр оролцсон баг Японы Софиа их сургуулийн багтай, япон хэлээр оролцсон баг Японы Васэдагийн их сургуультай тус тус эн тэнцүү өрсөлдлөө.

Тэмцээнд ХЗС-ийг төлөөлөн эрх зүйн 5 дугаар түвшний оюутан А.Мандуул, А.Бодьбилэг, эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Улсболд, С.Аминаа, Б.Лхагважаргал, Б.Энхжавхлан, Х.Норовсүрэн, эрх зүйн 2 дугаар түвшний оюутан З. Мөнгөлжин нар оролцов (МУИС-ийн ХЗС-ийн багийн авсан оноог дор оруулав).

Оюутнуудыг дасгалжуулагч багшаар МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү, “Номин энд Адвокэтс” ХХН-ийн хуульч О.Номинчимэг, МУИС-ийн ХЗС дахь Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн эрх зүйн мэргэжилтэн багш Накамура Ёшитака нар ажиллав.