Ө.Батбаяр: “Уушгины халдварт өвчтэй хүнийг 10 секундэд илрүүлдэг системийг зохион бүтээхээр ажиллаж байна”

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Ө.Батбаяртай судалгааны ажлынх нь талаар ярилцлаа. Тэрбээр Япон Улсын Токио метрополитан их сургуульд докторын судалгааны ажлаа хийж байгаа юм.

Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу? Таны судалгааны ажил маш амжилттай байгаа тухай сайхан мэдээ авлаа.  Яг өнөөдрийн нөхцөлд дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед таны бүтээсэн уушгины өвчтэй хүмүүсийг илрүүлэх систем үнэхээр хэрэгтэй зүйл болжээ. Та судалгааны ажлаа манай уншигчдад танилцуулаач.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу? Баярлалаа, би одоо докторын судалгааны ажлаа хийгээд Япон улсад байна. Миний докторын судалгааны чиглэл бол хүний амин үзүүлэлтүүдийг, тодруулбал: зүрхний лугшилт, амьсгалын тоо, биеийн хэм, цусан дахь хүчилтөрөгчийн хувь зэргийг, камерын дүрс боловсруулалт ашиглан хүрэлцэхгүйгээр хэмжих ба түүний клиник хэрэглээ юм. Өнгөрсөн хугацаанд олон төрлийн камер ашиглан амин үзүүлэлтүүдийг зайнаас хэмжих аргачлалуудыг боловсруулж түүнийгээ клиник хэрэглээнд нэвтрүүлэх туршилтуудыг хийсэн байдаг. Миний эхний эрдэм шинжилгээний өгүүлэл бол жирийн веб камер ашиглан хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүмүүсийг оношлох систем байсан (DOI: 10.3389/fphys.2021.642986).

Одоо уушгины халдварт өвчтэй хүмүүсийг илрүүлэх системийг хөгжүүлж байна. Энэхүү судалгаа маань төхөөрөмжөө баталгаажуулах, клиник өгөгдөл цуглуулах шатандаа явж байна. Системийн талаар тодруулбал, энгийн өнгөт камер, гүний (depth) буюу 3 хэмжээст дүрс үүсгэж харах камер, дулааны (thermal) камер гэсэн 3 дүрсийн мэдрүүлүүдийг ашиглан хүний зүрхний лугшилт, амьсгалын тоо, биеийн дулаан гэсэн 3 амин үзүүлэлтийг хэмжиж, энэ хэмжилтүүд дээр үндэслэн тухайн хүнийг уушгины халдвартай эсэхийг хиймэл оюуны машин сургалтын аргад тулгуурлан тодорхойлох систем юм. Энэхүү оношлуурыг хэмжээний хувьд авсаархан, зөөврийн (portable), хөдөлгөөнт (mobile) зарчимд суурилж хийсэн.

Энгийн өнгөт камер, гүний (depth) буюу 3 хэмжээст дүрс үүсгэж харах камер, дулааны (thermal) камер гэсэн 3 дүрсийн мэдрүүлүүдийг ашиглан хүний зүрхний лугшилт, амьсгалын тоо, биеийн дулаан гэсэн 3 амин үзүүлэлтийг хэмжиж, энэ хэмжилтүүд дээр үндэслэн тухайн хүнийг уушгины халдвартай эсэхийг хиймэл оюуны машин сургалтын аргад тулгуурлан тодорхойлох систем юм. Энэхүү оношлуурыг хэмжээний хувьд авсаархан, зөөврийн (portable), хөдөлгөөнт (mobile) зарчимд суурилж хийсэн.

Би Монгол-Японы хамтарсан “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан докторын судалгаа хийхээр Япон улсын Токио метрополитан сургуульд сурч байгаа бөгөөд удирдагчаар Токио метрополитан их сургуулийн профессор Такеми Мацуй, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Ч.Лодойравсал нар ажиллаж байна. Миний хийж байгаа судалгаа нь Мацуй профессорын лаборатори болон Лодойравсал багшийн удирддаг МУИС-ийн машин оюуны лабораторийн хамтарсан судалгаа юм.  Мөн судалгааны багт маань Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний тасгийн их эмч А.Гэрэлтуяа клиник туршилтуудыг хийж, МУИС-ийн Мэдээллийн технологийн газрын электроник, автоматжуулалтын мэргэжилтэн П.Отгонбат 3D загварчлал, техник хангамжийн угсралт зэрэг ажлуудыг хийн оролцож байгаа.

Өөрөөр хэлбэл таблет маягийн төхөөрөмж гэж ойлгож болох уу? Тэгэхээр энэ төхөөрөмж буюу оношлуураар уушгины өвчтэй хүмүүсийг оношлох боломжтой гэж ойлголоо. Өнөөдрийн нөхцөлд гэвэл ковид-19 туссан хүнийг энэ оношлуураар оношлох боломжтой гэсэн үг үү? Энэ оношлуур хэрхэн ажилладаг юм бэ?

-Тиймээ, таблет шиг харагдана. Хэмжээ нь ч тийм. Ковид-19 нь нэг төрлийн уушгины халдварт өвчин учир бидний зохион бүтээсэн төхөөрөмж энэ халдварыг илрүүлэх боломжтой. Гэхдээ яг Ковид-19-ийн халдвартай байна гэдгийг хэлэх боломжгүй. Харин ямар нэг уушгины халдвар авсан байгаа эсэхийг таамаглана. Гол асуудал гэвэл дийлэнх Ковид-19-өөр халдварласан хүмүүс халуурах шинж тэмдэг илрэхгүй байна (DOI: https://doi.org/10.1093/ofid/ofaa603). Гэхдээ хэрэв хүн халдвар авсан байвал тухайн хүний биеийн физиологи нь автоматаар өөрчлөгддөг. Бидний бүтээсэн систем нь энэ үзэгдэлд тулгуурлан ажилладаг бөгөөд хиймэл оюуны тусламжтай хүний нүдээр ажиглах боломжгүй шинж тэмдгүүдийг илрүүлэх боломжтой болж байгаа юм. Үүнийг батлах жишээ гэвэл бидний эхний байдлаар хийсэн туршилтаар 300 орчим хүний (~150-н эрүүл хүмүүс, ~150-н Ковид-19-өөр өвчилсөн өвчтөнүүд) өгөгдөл дээр манай систем 90-ээс дээш хувиар халдвартай хүмүүсийг зөв илрүүлсэн үр дүн гарсан. Дээр дурдсанчлан эдгээр өвчтөнүүдийн хэм нь бүгд 37С-ээс доош байсан буюу халуурах шинж тэмдэггүй байсан ба үүнийг манай систем 90-ээс дээш хувьтай илрүүлж байгаа нь бидний судалгааны гол ололт юм.

       

Төхөөрөмжийн гаднаас харагдах байдал.