МУИС болон ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг, оюутан, багш, судлаач солилцох гэрээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн байгууллаа.
Тус сургуультай өмнө нь 2002 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж оюутан солилцож байсан ба 2014 оны 10 дугаар сард хоёр сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөгдөж байсан; 2018 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Санкт-Петербургийн их сургуульд зочилж тус сургуультай хамтын ажиллагаа хэрэгжүүлэх талаар санал солилцож уг уулзалтын дараа гэрээний төсөл солилцсон; 2018 оны 3 сарын 14-нд РЦНК-д зохион байгуулсан ОХУ-ын боловсролын үзэсгэлэнд МУИС-ийн төлөөлөгчид тус их сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны гэрээ байгуулах болон оюутан солилцоо явуулах талаар мэдээлэл солилцсон; зэрэг олон уулзалт, хэлэлцээрийн дараа энэхүү санамж бичиг, гэрээнд хоёр тал гарын үсэг зурав.
Хоёр сургууль хууль эрх зүй, Монгол судлалын чиглэлээр тэргүүлэн хамтран ажиллах бөгөөд бусад салбарт жилд бакалавр, ахисан төвшний 4 хүртэл оюутан солилцох, 30 хүртэл хоногоор багш, судлаач солилцох болон эрдэм шинжилгээний бүтээл, материал солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ЭШ-ний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах гэх мэт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Санкт-Петербургийн их сургуулийн товч танилцуулга (www.spbu.ru)
Санкт-Петербургийн их сургууль 1724 онд байгуулагдсан Оросын Холбооны Улсын хамгийн анхны их сургууль бөгөөд 2009 онд ОХУ-ын ерөнхийлөгч батлан гаргасан “ОХУ-ын нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эртний түүхтэй, эрдэм шинжилгээ, боловсролын цогцолбор” гэсэн статустай болсон бөгөөд тусгай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг.
Тус сургууль 3535 багш, 13000 захиргааны ажилчидтай, 21452 оюутантай, жил бүр 3000 гадаад оюутан элсүүлдэг, 60 орны 230 гаруй ИДС-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Нийтдээ 7 хүрээлэн, 18 факультет, 3 коллеж, биеийн тамирын тэнхим, Инноваци нэвтрүүлж, хөгжүүлэх 10 төв, шинжлэх ухааны парк, 31 лаборатори, төвтэй, бакалаврын 110, Магистрын 206, Аспирантурын 50, Эмчилгээ, анагаахын 27, Тусгай аспирантурын 28, Гадаад иргэдэд зориулсан орос хэлний 5 чиглэлийн хөтөлбөртэй, 2 кампустай. Тус сургуульд 4-20 орчим долоо хоног үргэлжилдэг богино хугацааны онлайн хөтөлбөрүүд бий. Үүнд: Нийгмийн ухаан-106, Онолын ШУ- 17, Байгалийн ухаан- 13, Хүмүүнлэгийн ухаан- 34, Урлаг соёл судлал-2, Мэргэжил дээшлүүлэх- 6.
Санкт-Петербургийн их сургуулиас хими, физик, эдийн засаг, уран зохиолын чиглэлээр нийт 9 Нобелийн шагналтан төрөн гарчээ.
Хамтын ажиллагааны хэлтэс