Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардуулах ёслол болов

Share Button

МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс Орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох /MAЕTI/ “Анхан шатны цогц чадварын шалгалт”-ыг 2025 оны 9 дүгээр сарын 13, 20-ны өдөр зохион байгууллаа.

Шалгалтад солонгос хэлний 2, англи япон хэлний тус бүр 1 шалгуулагч сайн дураар бүртгүүлснээр тэд эх хэл ба гадаад хэлний мэдлэг, гадаад хэл-эх хэл, эх хэл-гадаад хэлний орчуулах, хэлмэрчлэх ур чадварын сорилгуудаар цогц чадвараа шалгуулжээ.

Энэ удаагийн шалгалтаар 3 орчуулагч, 2 хэлмэрч цогц ур чадвараараа тэнцсэн тул 2025 оны 10-р сарын 8-ны өдөр мэргэшлийн зэргийн гэрчилгээг гардан авлаа.

Гэрчилгээ гардуулах ёслолд МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал, профессор Г. Элдэв-Очир, МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвийн эрхлэгч, дэд профессор Ш. Эгшиг, профессор Ц.Онон, дэд профессор М.Даариймаа, П.Уянга, Б.Нэргүйжаргал, Л.Соёл, Б.Ариунбайгаль, Э.Тогтуун нарын зэрэг шалгалтын комиссын шалгагч багш нар болон шалгуулагчид оролцов.

Уг шалгалт нь орчуулгын зах зээлд шаардагдаж буй ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг тодорхойлох, үнэлэх, тэдний ур чадварт харгалзах чадамжийн зэргийн гэрчилгээ олгох зорилготой. 2025 онд 4 удаагийн шалгалтын тус бүр 4 ур чадварын сорилгоор нийт 30 хүн шалгуулж, 25 орчуулагч, 6 хэлмэрч мэргэшлийн зэргийн гэрчилгээ гардан авчээ. Солонгос хэлний орчуулагч, хэлмэрч Д.Хонгорзул орчуулагч, хэлмэрчийн зэрэг тогтоох шалгалтын түүхэнд анх удаа хоёр мэргэшлийн зэргийн гэрчилгээг нэг зэрэг гардсан шалгуулагч боллоо.

МУИС-ийн ШУС-ийн Орчуулагч, хэлмэрчийн мэргэшлийн үнэлгээний төвөөс 2026 оноос дунд шатны цогц чадварын шалгалтыг зохион байгуулж, орчуулагч, хэлмэрчийн хоёрдугаар зэргийн гэрчилгээг олгож эхэлнэ. Ийнхүү тус төвөөс төлөвлөсөн ёсоор жил тутам зэргийг ахиулан шалгах шалгалтыг эргэлтэд оруулан, 2027 он гэхэд анхан, дунд, дээд шатны шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ.

Англи, орос, хятад, япон, герман, солонгос, франц, турк, итали, испани, чех, польш, араб хэлний орчуулагч болон хэлмэрчийн мэргэшлийн анхан шатны ба дунд шатны зэрэг тогтоох  /MAЕTI-Mongolia Accreditation Exam for Translators and Interpreters/ 2026 оны шалгалтын тов мөн гарчээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар