Гацуур ч гэсэн цэцэглэдэг

Share Button

Гацуурыг  яв ягаанаар цэцэглэсэн байхыг харсан уу? Сонин байгаа биз. Тэр нь боргоцойлохынх нь өмнөхөн маш цөөхөн хоног л дэлгэрээд өнгөрдөг гэнэ. Энэ хавар манай сургуулийн хичээлийн 2-р байрны төв хаалганы хоёр талын гацуурууд, хормойлон ургасан нохойн хошууныхаа хамт гоёмсог цэцэгсээ дэлгэсэн нь хэн хүний харааг булаасан. Энэхүү ногоон байгууламжийн эх суурийг тавьсан эзнийг  нь сурсаар яваад ББТС-ийн Ой судлалын тэнхимийн Б. Цэнгэл багшийн өрөөнд ирлээ.

–         Сургуулийн гаднах бяцхан ногоон байгууламжийг анх үүсгэсэн хүн нь таныг гэж сонслоо?

–          Тийм ээ.  Энэ нь бяцхан түүхтэй. Анх 2008 онд нэгэн япон танилтайгаа сургуулийн өмнүүр явж байтал тэрээр Цэнгэл багшаа, танай сургуулийн энэ байранд биологи, ой судлалын тэнхим байдаг атлаа яагаад гаднаа нэг ч модгүй юм бэ гэж асуухад нь үнэхээр их санаа зовсон. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг жаран жилийн түүхтэй их сургууль яагаад гаднаасаа ийм өнгө үзэмжгүй байна вэ гэж бодоод хэдэн сайхан мод тарьяа гэж шийдсэн. Тэгээд сургуулийн тухайн үеийн удирдлагуудад энэ санаагаа  хэлэхэд нааштайгаар хүлээж авч, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн. Ингээд ахлах курсын  оюутнууд болон сургуулийн зарим удирдлагын хамт явж, мод үржүүлгийн газраас нэг бүрийг нь 35 мянган төгрөгөөр, 1,5 метрийн өндөртэй нийт 35 ширхэг  гацуурын суулгаж  худалдаж аваад тарьж билээ. Дараа хавар нь 2-3 настай нэлээд хэдэн  гүйлс, нохойн хошууны бут тарьсан. Бас 15 гацуур нэмж тариад бүгд одоо сайхан ургаж байна.  Өнөөдрийн та бидний харааг булаагаад буй энэ гоёмсог цэцэгт нохойн хошуу, мөнх ногоон гацуурууд ингэж л ургасан түүхтэй.

–         Эхлэн  тарьж байхад нь хүн ер  анзаардаггүй хирнээ цэцэглэсэн хойно нь хэн суулгав,  хэзээ ургав гээд л сонирхдог юм байна?

–         Нохойн хошууны бут цэцэглэх үеэрээ үнэхээр сайхан харагддаг. Бас  гацуур ч гэсэн шилмүүс нь гараад боргоцой үүсэх үе нь маш үзэсгэлэнтэй. Яв ягаан цэцэг  гардаг. Тухайн үед мод тарилцаж байсан оюутнууд маань одоо  ч сургууль дээрээ ирээд цэцэглэсэн мод, бут, сөөгөө хараад бахархалтай байдаг. Энэ ногоон байгууламжиндаа нэмээд цэцэглэдэг өөр хэдэн төрлийн  бут, сөөг тарих санаатай байна. Сүүлийн үед байгууллагууд гаднах зай талбайгаа тохижуулж, ногоон байгууламж байгуулах болсон нь их сайшаалтай. Энэ нь хотын өнгө үзэмжийг нэмэхээс гадна, агаарын бохирдлыг бууруулж, хуурайшилт, тоосжилтын эсрэг сайн үр нөлөөтэй. Ногоон байгууламж гэдэг чинь бүхэлдээ хүчилтөрөгчийн үйлдвэр юм шүү дээ.

–         Бусад хичээлийн байруудын гаднах талбайг ингэж тохижуулах боломж бий болов уу?

–         Бололгүй яах вэ. Гагцхүү хүн хүч ажиллуулах, тарьц суулгац худалдаж авахад шаардагдах мөнгө санхүүг тухайн сургуулийн удирдлагууд нь шийдэж өгвөл бид мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөн хамтарч ажиллахад бэлэн байна. Гол нь манай тэнхимийн багш нар 5-р сарын дундаас оюутнуудаа аваад хөдөө дадлагат гарчихдаг учраас тэрнээс өмнө хандах хэрэгтэй.

–         Жимс нь олон төрлийн эмчилгээний ач холбогдолтой гэдэг утгаараа байгууллага гэлтгүй айлууд ч хашаа, зуслангийн газартаа нохойн хошууг их тарих болсон. Энэ дашрамд тэдгээр хүмүүст нохойн хошууг сайн ургуулах талаарх мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэвэл ямар вэ?

–         Энэ бутлаг ургамал нь жимслэхээсээ өмнө удаан хугацаанд маш гоёмсог цэцэглэдэг учраас тарихад их урамтай. Аль ч модыг тарьсныхаа дараа хангалттай сайн услах хэрэгтэй. Тэгээд  тогоон дахь зэрлэгийг нь ойр ойрхон  зулгааж хаяж байх нь чухал. Усалгааг нь зөв тохируулаад байгалийн хур бороотой залгуулчих  юм бол нохойн хошуу айхтар арчилгаа шаарддаггүй. Анх тарих гэж байгаа бол 2-3 настай суулгац сонгоорой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар