МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд туссан “дэлхийн шилдэг их, дээд сургуулиудтай хамтран ажиллах” зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж Францын Сорбонны их сургуультай археологийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сорбоны их сургууль (Sorbonne Université, https://www.sorbonne-universite.fr/en) нь 1257 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хэрэглээний шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг, QS 2022 дэлхийн их сургуулиудын эрэмбээр 72-т жагссан, улсдаа тэргүүлэх дээд боловсролын байгууллага юм. Тус их сургууль нь Франц улсын нийслэл Парис хотод байрладаг 3 факультет, 135 судалгааны нэгжтэй, 55000 гаруй оюутан, 10000 орчим багш, ажилтантай.
МУИС тус их сургуультай 2019 онд хэл бичиг, хүмүүнлэгийн ухааны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд үүний хүрээнд хэл шинжлэл, Франц хэл, орон судлалын салбарт хамтран ажилладаг. Харин шинээр байгуулж буй гэрээний хүрээнд 2021 онд байгуулагдсан ШУС-ийн Археологийн судалгааны төв гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж Сорбонны их сургуультай археологийн сургалт, судалгаанд хамран ажиллахаар болов. Гэрээний хэрэгжилтийн хувьд МУИС-ийн магистрын нэг оюутан тус сургуульд солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа бол Сорбонны их сургуулийн нэг судлаач МУИС-д жилийн хугацаатайгаар ажиллаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС