МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар, Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхимээс 2022 оны 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд “Монголын археологи: Сүүлийн үеийн судалгаа ба шинэлэг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хуралд Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, АНУ-ын Йелийн Их сургууль, Нью Йоркийн Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, ОХУ-ын Алтайн Их сургууль, Түүх, археологи, угсаатан зүйн хүрээлэн, Канад улсын Торонтогийн Их сургууль, Монакогийн Вант улсын Нэн эртний антропологийн музей, ИБУИВУ-ын Абердеений Их сургуулийн зэрэг 7 орны 10 гаруй судлаачид илтгэл хэлэлцүүлэх юм. Илтгэлүүд дотор профессор У.Эрдэнэбатын “Чингис хааны археологи”, академич Н.Крадины “Монголын тал нутаг ба Алс Дорнодын эрт болон дундад үеийн эзэнт гүрнүүдийн хотжилт”, профессор М.Эрдэний “Алтай, Хангайн нурууны Афанасьевчуудын биеийн хэмжээ: Угсаа гарвалын уламжлал уу, уур амьсгалын нөлөө юу?”, профессор У.Ханичёрчийн “Язгууртны нүүдэл ба Хүннүгийн төрийн хөгжил: Монголын говийн изотопын судалгаа”, профессор Ц.Төрбатын “Баруун Монголын хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн судалгаа”, профсесор Л.Яанзын “Зүүн Азийн неолитын үеийн суурьшлын төвийн нэг Тамсагбулаг”, доктор Л.Ишцэрэнгийн “Монгол Алтайн бүс нутгийн төмөр үйлдвэрлэл (НТ II-IX зуун)”, доктор Б.Жаргалангийн “Нүүргүй хүмүүсийг нүүртэй болгох нь: Монголын нүүдэлчдийн сууцны судалгаа, Суурингууд ба бусад дурсгалууд, профессор Я.Бемманны “Монгол эзэнт гүрэн ба түүний археологийн уламжлал”, доктор Д.Уолины “Ширийн чулууны хадан дотор: Монголын говь-хээрийн тал нутгийн хүрэл ба Хүннүгийн үеийн биоархеологи” зэрэг чулуун зэвсгийн үеэс дундад зууны үеийг хамарсан олон сонирхолтой сэдвүүд багтаж байна.