МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал Др., Проф. Г.Эрдэнэбаяр, “Их Майдар” Сангийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяр нар 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хамтран Ажиллах Санамж Бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд НШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Др., Проф. Ж.Төртогтох, Сургалтын албаны эрхлэгч Др., Проф. Б.Болд-Эрдэнэ, Шашин Судлалын тэнхмийн эрхлэгч Др., Проф. М.Гантуяа, Шашин судлалын тэнхмийн багш С.Дэмбэрэл, Их Майдар сангийн ТУЗ-ийн гишүүн М. Батаа, маркетингийн ахлах менежер Д.Өнөржаргал, Америкийн монголч эрдэмтэн Др., Рон А. Портер нар оролцлоо.
Их Майдар Сан нь Монголчуудын уламжлалт соёлын салшгүй нэг хэсэг болсон бурханы шашны соёл, боловсролын үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх, боловсролын зорилгоор ном хэвлэхийг дэмжих, уламжлалт соёлын үнэт зүйлсээ хадгалан өвлүүлэх зорилгоор соёл, урлагийн арга хэмжээ зохиох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол улсын түүхэн дэх бурханы шашны хамгийн том цогцолбор болох “Их Майдар” цогцолборыг барих төслийг санаачлан хэрэгжүүлж буй байгууллага юм.
Хамтын ажиллагааны хүрээнд бурханы шашны эх сурвалжийн судалгаа хийх, залуу эрдэмтэн судлаач нарын судалгааны ажлыг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, харилцан ном судар, судалгааны бүтээл, мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл хэвлүүлэх, Монголын түүх соёл, ёс заншил, гүн ухаан, хүнлэг энэрэнгүй ёс зүйг олон нийтэд таниулан сурталчилах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг нийгмийн хариуцлагатай олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Хамтын ажиллагааны эхний томоохон арга хэмжээ бол 2012 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулах “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал юм.