МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс дэлхийн шашнуудын хөлгөн судрын талаар олон нийтэд зориулж танин мэдүүлэх зорилготой цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ удаад бид МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Ариун Бичээс Нийгэмлэг, Монголын Эвангелийн Эвсэлтэй хамтран “Библийн өдөрлөг”-ийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлал, түүх, хэл шинжлэл, эх бичгийн мэргэжлийн хөтөлбөрийн оюутан, суралцагч, багш, судлаач нар болон бусад сонирхсон хүмүүс оролцов.
Өдөрлөгийн үеэр Ариун Бичээс нийгэмлэгээс дэлхийн 719 хэлэнд бүтнээр, 1212 хэлэнд хэсэгчлэн (2022 оны байдлаар) орчуулсан Библи судар, Библийн монгол орчуулгын түүхийн үзэсгэлэн гаргаж, Библийн монгол орчуулгуудын дээж болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль Библийг МУИС-ийн номын санд бэлэглэлээ.
МУИС-ийн профессор багш нар болон судлаач нар дараах сэдвээр лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
- Христос шашны философийн онтологи асуудлууд /МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор (Sc.D) Ц.Гомбосүрэн/
- Библийн орчуулга ба бичиг үсгийн үүсэл, хөгжил /Ариун бичээс нийгэмлэгийн Стандарт Монгол орчуулга төслийн орчуулагч Л.Цэнд-Аюуш/
- “Христос, Шиггэмни бурханы зарлиг оршвой” төвөд үсгээр галиглан бичсэн монгол судрын тухай /МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэл, профессор М.Отгонбаяр/
- Библи ба Христийн монгол сүм чуулганууд /Библийн сургалтын төвийн захирал, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн докторант Г.Лувсангомбо/
- Түүхийг тайлбарлах Библийн загвар /МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн докторант О.Мөнгөнсор/