“Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Захиргаанаас сургалтын үйл ажиллагааны менежментийн тогтолцооны уялдааг сайжруулах зорилгоор Тэнхимийн эрхлэгч нарын зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн 3 дахь хэлэлцүүлгийг БМҮИЗ-тэй хамтран “Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт” сэдвээр зохион байгууллаа. 

Үндсэн зорилго нь сургалтын чанарын түлхүүр ойлголт болох сургалтын хөтөлбөрийн үнэлгээг тогтмол хийх аргачлал, зөвлөмжийг тэнхимийн эрхлэгч нарт нэгдсэн байдлаар өгснөөр тэнхимийн эрхлэгч нь багш бүрд мэдээллийг хүргэж, хөтөлбөрийн үнэлгээг тогтмол хийж сайжруулан ажиллах юм. 

Энэхүү хэлэлцүүлэг нь МУИС-ийн сургалт, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, үр дүнд суурилсан менежментийн стратеги зорилтын хүрээнд төлөвлөсөн олон ажлуудын нэг болсон бөгөөд МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал болон БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд нар нээв. 

Хэлэлцүүлэгт  

  • МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ “Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт, хөтөлбөрийн үнэлгээ, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын харьцуулалт” сэдвээр,  

  • ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Болормаа  “Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг боловсруулах, үнэлэх, сайжруулах арга зам” сэдвээр,  

  • Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн дэд профессор Н.Батдэлгэр “МУИС-ийн бакалаврын түвшний төгсөгчдөд тавих нийтлэг шаардлага” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлсэн.  

Уг арга хэмжээнд МУИС, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Сувилахуйн сургууль, Ач АУ-ны их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Урлах эрдэм дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Мандах их сургууль, Сити их сургууль, Энэрэл дээд сургууль, Шинэ анагаах ухааны их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи, Олон Улсын Эдийн Засгийн Бизнесийн их сургууль, Аялал Жуулчлал тогтвортой хөгжлийн төв болон БМИҮЗ-ийн ажлын алба зэрэг 20 гаруй сургалтын байгууллагын 90 орчим төлөөлөл оролцсон ба оролцогчдын хувьд үр өгөөжтэй, өргөн хүрээний хэлэлцүүлэг боллоо. 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар