С.Төмөр-Очир: МУИС сургалтын төлбөрөө 9.4 хувиас илүү нэмэхгүй

Share Button

Монгол Улсын их сургууль сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэх болжээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр цацагдсан. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сургалтын төлбөрийг 9.4 хувиас хэтрүүлэхгүй байхыг үүрэг болгосон билээ. Энэ талаар МУИС-ийн захирал С.Төмөр-Очироос тодруулсан юм.

-МУИС сургалтын төлбөрөө 30 хувиар нэмэх нь гэсэн мэдээлэл цацагдсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Сургалтын төлбөрийг МУИС-ийн удирдах зөвлөл тогтоодог. Энэ утгаараа бид хуралдаад өнөө жилийн сургалтын төлбөрийг 30 хувиар нэмье гэсэн шийд гаргаад байсан. Харин энэ шийд гарсны дараа Боловсрол, шинжлэх ухааны сайдаас албан бичиг ирсэн. Түүнд “Сургалтын төлбөрийг инфляцийн түвшингээс илүүгээр нэмэхгүй байх нь зүйтэй” гэсэн байсан. Үүний дагуу бид ерөнхийдөө 9.4-өөс дээш хувиар нэмэхгүй байх шийд гаргахаар тохирч байгаа юм. Манай удирдах зөвлөлд нэлээд хэдэн УИХ-ын гишүүн багтдаг. Тэд амралтаа аваад хөдөө гадаа явчихсан байна. Удахгүй ирчих байх. Тэднийг ирэхээр буюу наймдугаар сарын 20-доор Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрвэрлэнэ. Ямар ч байсан бид  сайдынхаа зөвлөмжийг  биелүүлнэ.

-Жил бүр сургалтын төлбөрөө нэмэх талаар мэдээлэл хийдэг. Төлбөрөө нэмэхгүй байх боломж байдаггүй юмуу?

-Уг нь бол сургалтын төлбөрөө нэмэх олон үндэслэл байгаа юм. МУИС маань дэлхийн их сургуулиудын түвшинд хүрэх зорилт тавьж ажиллаж байна. Үүнд хэрхэн хүрэх вэ гэхээр сургалтын ажил голлох биш, судалгааны ажлаа голлох хэрэгтэй байдаг. Эрдэм шинжилгээний ажлаа сайжруулаад түүнийхээ үр дүнгээр сургалт, үйлдвэрлэл явуулж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мэдлэгт суурилсан эдийн засаг, мэдлэгт суурилсан хөгжилд хүрэх ёстой. Судалгааны ажил, түүнд суурилсан сургалт явуулахад манай сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж хуучирчихсан. Түүнийг сайжруулах хэрэгтэй байна. Өнгөрсөн жил тэрбум шахам төгрөгийн гэрээт эрдэм шинжилгээний ажил хийсэн. Энэ мөнгөөр судалгааны ажил хийсэн багшийн хөлс, лабораторийн урвалж бодис, шинжилгээний дээж авах гээд олон ажил амжуулдаг. Тиймээс нилээн мөнгө олж байгаа боловч багаж төхөөрөмж шинэчлэх бололцоо олгохгүй байна. Мөн сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулах хэрэгтэй байдаг. Ганцхан жишээ хэлэхэд өдгөөгөөс 19 жилийн өмнө би энэ сургуулийн проектороор ажиллаж байсан. Тэр үед МУИС гурван мянга гаруй  оюутантай байсан. Тэр үеийн оюутнуудад үйлчилж байсан номын сангийн суудал өнөөдөр яг хэвээрээ л байна. Гэтэл оюутны тоо 20 мянга даваад явчихсан. Оюутан сайн сурахын тулд номтой нөхөрлөх хэрэгтэй биз дээ. Үүний тулд номын сангийн суудлын тоогоо нэмэгдүүлмээр, ном нэммээр байна.

-Улсын төсвөөс хэдэн төгрөг өгдөг юм бэ?

-Бид оюутан багш нарын нийгмийн асуудлыг шийдмээр байна. Гэтэл МУИС-ийн нийт зардлын 6.8 хувийг улсын төсвөөс гаргуулж байна. Багш, ажилтныхаа  цалинг нэммээр байна. Гэх мэтчилэн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх олон үндэслэл байна.

-Саяхан бас МУИС-ийн байруудыг акталсан гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-МУИС-ийн хичээлийн гурав, зургадугаар байруудад мэргэжлдийн комисс дүгнэлт гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл хэзээ хэзээгүй нурж унахад бэлэн байгаа байранд улсынх нь их сургууль хичээллэж байна гэсэн үг. Бид байраа засмаар байна. Бид 2010 онд 250 сая төгрөгийн засвар хийсэн. Энэ жил 1 тэрбум 500 сая төгрөгийн засвар хийж байна. Харамсалтай нь тендер орой зарлагдаж наймдугаар сарын эхээр шийдвэрлэгдсэн тул зарим засвар одоо эхэлж байна. Хичээл эхлэхэд засвар дуусах бололцоогүй болчихлоо. Эцэст нь хэлэхэд чанартай боловсрол үнэтэй олгогддог гэдгийг аль аль талдаа бодох ёстой. Монголчууд хамгийн хямдхан,  хамгийн чанартай юм олохыг хичээдэг. Ийм юм огт байдаггүй. Чанартай бол үнэтэй байж хямдхан бол чанаргүй л байна. Нөгөө талаар манай их сургуулийн төлбөр дэндүү хямд байна. АНУ-д оюутны нэг жилийн төлбөр дунджаар 36 мянган ам.доллар, Монголд хувийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн нэг жилийн төлбөр 11 мянган ам.доллар байна шүү дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ /Өдрийн сонин. 2011.08.18/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар