МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцтэй хамтран хуулийн сургуулийн оюутнуудын дунд Үндсэн хуулийн эрх зүйн мэтгэлцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөрт зориулсан энэхүү мэтгэлцээнд Дотоод хэргийн их сургууль, “Их засаг” их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Шихихутуг” их сургуулийн багууд өрсөлдсөнөөс МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Дотоод хэргийн их сургуулийн багууд шигшээ шатанд шалгарсан юм.
Хоёр баг тодорхой маргааны үйл баримт, өгөгдлийн хүрээнд тайлбар, үндэслэл, байр сууриа тодорхойлон мэтгэлцсэнээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг тэргүүлж, Дотоод хэргийн их сургуулийн баг дэд байр эзэлж, Дотоод хэргийн их сургуулийн оюутан Ц.Хүслэн шилдэг илтгэгчээр тодорлоо.

Шагнал гардуулах үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан хэлсэн үгэндээ: “Эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын Үндсэн хуулийн эрх зүй болон Үндсэн хуулийн процессын эрх зүйн онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах, улмаар Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааныг хөгжүүлж, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Мөн МУИС -ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х. Сэлэнгэ үг хэлэхдээ: “Мэтгэлцээний гол зорилго нь оюутнуудын мэдлэгийг баяжуулан гүнзгийрүүлэхээс гадна эрх зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсад үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд ирээдүйн эрх зүйч, хуульчид ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэв.
Үндсэн хуулийн эрх зүйн мэтгэлцээн нь дэлхийн хуулийн сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулдаг тэмцээний дүрмийн дагуу зохион байгууллагддаг онцлогтой бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулсан тус мэтгэлцээний цар хүрээг нь улам тэлж, ахисан түвшинд уламжлал болгон зохион байгууллаа.

