“Багш, оюутны стартап-2025” (NUM STARTUP 3.0) хөтөлбөрийн нээлт боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Багш, оюутны стартап-2025” (NUM Startup 3.0) хөтөлбөр 2025 оны 05-р сарын 02-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

МУИС уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулж байна. Хөтөлбөрийг нээж МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн захирал О.Мөнхбат, “Рио Тинто Монгол” компанийн Дэд захирал Колин Дан нар мэндчилгээ дэвшүүлж, хөтөлбөрт оролцогч, шинэ санаа шийдлээ өрсөлдүүлж буй эрдэмтэн судлаач багш нар, оюутан залууст амжилт хүссэн юм.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн захирал О.Мөнхбат хэлсэн үгэндээ: “Монгол улсад шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд МУИС түүчээлэн оролцож Шинжлэх ухаан технологийн паркийг байгуулан ажиллаж байна. Эрдэмтэн судлаачдын оюуны бүтээл, Стартап хөтөлбөрийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор МУИС дэргэдээ хатуу, шингэн, тосон суурьтай бүтээгдэхүүний хагас-үйлдвэрлэлийн гурван шугамыг байгуулж байгаа нь судалгааны үр дүн бизнест нэвтрэхэд тулгардаг үхлийн хөндийг даван туулах өргөн боломж нээж байгааг тэмдэглэн хэлэв.

“Рио Тинто Монгол” компанийн Дэд захирал Колин Дан хэлсэн үгэндээ: “Рио Тинто Монгол” компани тус хөтөлбөрийг 2020 оноос эхэлж дэмжин ирснээ дурьдаад, тус хөтөлбөр амжилттай хэрэгжиж, жилээс жилд улам бүр өргөжиж, өнөөдрийг хүртэл нийт 75 багийн 525 багш, оюутан хамрагдаж, МУИС-ийн дэргэд 7 гарааны компани байгуулагдан ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Энэ жилийн “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрт хими, биологи, биотехнологи, ногоон эрчим хүч, нийгэм, социологи, сэтгэл судлал, мэдээллийн технологи, компьютерын ухаан зэрэг салбаруудад технологи хөгжүүлэх, гарааны компанийн төсөл боловсруулах чиглэлд нийт 16 багийн 90 гаруй багш, оюутан бүртгүүлж, сургалтад хамрагдан шинэ санаагаа хөгжүүлж байгаа юм.

Тус арга хэмжээнд хөтөлбөрийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллагыг төлөөлж МУИС. Бизнес консалтинг төвийн захирал Д.Энх-Отгон, Сократус Стартап Студи ХХК-ийн захирал А.Мөнхцог, Инно хаб ХХК-ийн гүйцэтгэх захирал  Д.Хандмаа, Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн захирал Т.Мөнхбаяр, Рио Тинто Монгол компанийн Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах зөвлөх 3.Түмэнхишиг, Рио Тинто Монгол компанийн Контент, харилцаа хариуцсан зөвлөх Б.Төгсбилиг нар оролцож, стартап төслийн багуудад инновац, шинэ технологи хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар танилцуулав.

Нээлтийн арга хэмжээний үеэр “Рио Тинто Монгол” компаниас хөтөлбөрт хамрагдаж буй багуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор баг тус бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг гардууллаа.

Хөтөлбөрт оролцогч нийт багууддаа инновацыг бүтээх, хөгжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.

Зохион байгуулагч

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

Холбоо барих: tto@num.edu.mn, 77307730 (5310)

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар