Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Монгол Улсын Их Сургуулийн профессор Мөнхжаргалын Базаррагчаагийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Medle цахим сургуулийн эрдэмтэн судлаачид, профессор М.Базаррагчаагийн үе үеийн шавь нар оролцов.
Мэргэжлийн байгууллагын судлаачид Профессор М.Базаррагчаагийн судалгаа: монгол хэлний авиа судлал, үгийн гарал судлал, бүтээвэр судлал, өгүүлбэр судлал, эх судлал, үгийн сан судлал, хэл шинжлэлийн нэр томьёо, заах арга зүйн талаар илтгэл хэлэлцүүлэв. Тухайлбал, Монгол Улсын Их Сургуулийн профессор, доктор Д.Бадамдорж, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Д.Боролзой нар “Профессор М.Базаррагчаагийн монгол хэлний үгийн сангийн судалгаа”, Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Ганбаатар, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор М.Энхжаргал нар “Профессор М.Базаррагчаагийн монгол хэлний бүтээврийн судалгаа” сэдэвт илтгэл танилцуулсан юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Профессор “Мөнхжаргалын Базаррагчаа” гэрэл зургийн үзэсгэлэн, бүтээлийн үзэсгэлэн, “Монгол хэлний сүегэр ба найруулбар” ном, “Эрдмийн эрэлчин” баримтат нэвтрүүлгийн нээлт болж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян, Монгол Улсын Гавьяат багш Ч.Жачин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Д.Баттогтох нар дурсамж хуваалцсан юм.
Мөнхжаргалын Базаррагчаа Хөвсгөл аймгийн Бүрэн сумын Дэлгэрмөрөний хөвөө Эрээний бойр хэмээх газар 1945 онд төржээ. 1963 онд Мөрөн хотын арван жилийн дунд сургууль, 1967 онд Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг тус тус дүүргэснээс хойш дунд сургууль, Улсын Багшийн Дээд Сургууль, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын Их Сургуульд тавиад жил багшилжээ.
Энэ хооронд монгол хэлний судлалаар оролдож, “Монгол хэлний авиа сэлгэх ёс” (1987), “Өгүүлбэрийн онолын асуудлууд” (1987), “Монгол хэлний эхийн тухай” (1989), “Монгол үгийн гарлыг мөшгөх нь” (1992, 1995, 2020), “Орчин цагийн монгол хэлний энгийн өгүүлбэр” (1993), “Ажнай” (1996), “Монгол хэлний үйлийн тийн ялгал” (1999), “Монгол хэлний үгийн бүтэц, түүний зарим онцлог” (2005), “Монгол хэлний өгүүлбэр судлал” (2005) зэрэг нэг сэдэвт бүтээл болон 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, товхимол нийтлүүлсэн ба сургалт сэтгэл судлалын чиглэлээр 40-өөд өгүүлэл, зөвлөмж бичиж, VI-XI ангиудын сурах бичиг зохиолцож, сургуулийн хэмжих ба орчих хөтөлбөр, цөм хөтөлбөр боловсруулалцжээ.
1992 онд “Монгол хэлний авиа сэлгэх ёс” хэмээх сэдвээр дэд эрдэмтэн, 1997 онд “Эртний монгол хэлний үгийн бүтэц, түүний зарим онцлог” хэмээх сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 2004 онд МУИС-ийн профессор цол хүртэж, 2016 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнагджээ.