МУИС-ийн Физикийн тэнхимийн дэргэдэх Физик технологийн лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд их сургуулийн удирдлагууд, хөрөнгө оруулагч байгууллагуудын төлөөлөл, хамтран ажиллагчид, багш, судлаачид оролцов.



Шинээр байгуулагдсан лаборатори нь физик систем, электроник, автоматжуулалт, инженерийн дизайн чиглэлийн сургалт, судалгааны ажлыг дэмжих зорилготой бөгөөд оюутнуудын практик ур чадвар, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Лабораторид электрон хэмжилт, туршилтын орчин, физик системийн хөгжүүлэлтийн иж бүрэн багаж тоног төхөөрөмж, инженерийн дизайн болон автоматжуулалтын сургалтын хэрэгслүүдийг суурилуулжээ.




Мөн 3D хэвлэгч, лазер зүсэгч төхөөрөмж, электроникийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг судалгаа, хөгжүүлэлтэд шаардлагатай тусгай зориулалтын хэрэгслүүдийг ашиглалтад оруулснаар оюутан, судлаачдын төсөл, прототип хөгжүүлэлтийн ажлыг шинэ түвшинд хүргэх боломж бүрдэж байна.


Нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн эрхэм зочид, хамтран ажиллагч байгууллагууд болон лабораторийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн нийт хамт олонд талархал илэрхийлье.

