Монгол Улсын Их Сургууль болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хүрээнд МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Их Сургууль тогтвортой хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, орчныг бүрдүүлэх, БОНЗ-ын тайлагналыг бий болгох зорилготой “Ногоон хөгжил, нийгмийн хариуцлага”-ын зөвлөлийг байгуулан ажиллаж буй бөгөөд тус зөвлөлөөс хэрэгжүүлж буй анхны ажил нь энэхүү хуванцар цуглуулах уралдаан байсан юм. Тус зөвлөл МУИС-ийн гишүүн бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна.
Энэхүү уралдааныг Ти Эм Эл үйлдвэр болон МУИС-ийн холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд сар гаруйн хугацаанд хуванцар цуглууллаа.

- Хуванцар цуглуулах уралдааны тэргүүн байр – Хууль зүйн сургууль
- II байр – Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль
- III байр – ШУС-ийн Нийгмийн ухааны салбар
Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, зөв дадал хэвшлийг түгээх зорилгоор МУИС-ийн хичээлийн байр бүрд хуванцар ангилах зориулалтын савыг байршуулсан байдаг. Уралдааны хүрээнд сургуулийн зохион байгуулагч, үйлчилгээний ажилтан болон оюутны холбооны төлөөлөлд PET төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг зохион байгуулж, улмаар нийт багш, оюутнуудад хаягдлыг дахин боловсруулахын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн, хичээлийн байрдаа цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг салбар сургууль тус бүрд нэвтрүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох оюутны идэвх ч мөн нэмэгджээ.
Мөн уралдаанд оролцогчид өөрийн сургуульдаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.

“Рийл” уралдааны шилдгүүд
Хуванцар цуглуулах уралдаанд МУИС-ийн нийт багш, ажилтан, суралцагчид идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 3,5 тонн хуванцар цуглуулж чаджээ.
Хуванцар савыг ийнхүү хүнсний зориулалттайгаар дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 3700кг-аар бууруулж буй аж. Энэ нь 61,334 гаруй ширхэг модны бүтэн өдрийн турш шингээхтэй дүйцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үр нөлөөтэй юм.





