Эмчилгээний чанартай хүнсний биотехнологийн хөгжлийн тухай хэлэлцэв

Share Button

 

Инновацид түшиглэсэн үйл ажиллагаа явуулдаг энтрепренёр их сургууль болох зорилтын хүрээнд МУИС биотехнологийн чиглэлээр гадаад дотоодын судлаач эрдэмтэд, бодлого боловсруулагч болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчдийн  дунд анх удаа ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлгийг 8-р сарын 26-нд Монгол-Япон төвд зохион байгууллаа. Тэр дундаа эмчилгээний  чанартай  хүнсний биотехнологийн хөгжлийн өнөөгийн байдал болон түүний эрүүл мэнд, эдийн засгийн салбарт оруулж буй ач холбогдлын талаар хөндөн ярилцсан тус хуралд АНУ-ын Массачусетсийн их сургуулийн профессор, Калидас Шетти хүрэлцэн ирж, “Тогтвортой хөгжлийн бодлогыг хангах дэлхийн хүнсний системийн асуудал” сэдвээр сонирхолтой илтгэл тавив.

Мөн үеэр Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, МУИС-ийн Технологи дамжуулах төв, Биологи биотехнологийн сургууль, Монхимо” үйлдвэр зэрэг байгууллагын эрдэмтэд  “Монголын биотехнологийн хөгжил”,  “МУИС-ийн Технологи дамжуулах бодлого болон биотехнологийн судалгаа”,  “Монголын ашигт ургамлууд, тэдгээрийн худалдааны талаарх судалгаа” зэрэг сэдвийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаа дэлгэсэн байна.

Энэхүү хурлыг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир нээж хэлэх үеэрээ              “ Өнгөрсөн 4 сард АНУ-ын их сургуулиудад хийсэн бидний айлчлалын үр дүн өнөөдөр эхнээсээ илрэлээ олж байна. Учир нь энэ хурал нь Массачусетсийн их сургуулийн профессор Калидас Шетти-ийн санаачилга гэж хэлж болно. Тухайн үед МУИС-ийн эрдэмтийн судалгааны үр шимийг ашиглан Монголд биотехнологийг эрчимтэй хөгжүүлэхэд хамтрах ажиллах тухай бидний саналыг сонордохоосоо өмнө  Калидас Шетти нь урдчилж харсан мэт  яг энэ салбарт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ. Ингээд хоёр их сургуулийн хамтын ажиллагааны анхны үр хөврөл болсон энэ хурал нь цаашид араасаа биотехнологийг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажил хэрэгч санал санаачилгыг өрнүүлэх үүд хаалгыг нээлээ” хэмээн олзуурхаж байгаагаа хэлсэн юм.

Калидас Шетти нь АНУ-даа 5 шинэ патентийн эрхийг авсан, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд 170 орчим эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлсэн, хүнснээс шалтгаалан үүсч буй архаг өвчлөлүүдтэй тэмцэх дэлхийн хүнсний системийн биологи, архаг өвчлөл үүсгэх байгаль орчны нөлөө болон стрессийг тайлах үйлчилгээ бүхийн хүнсний системийг хөгжүүлэх замаар үр дүнд хүрэх  зэрэг голлох чиглэлээр судалгаа, шинжилгээ  хийдэг Массачусетсийн их сургуулийн тэргүүлэх эрдэмтдийн нэг аж.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар