МУИС-ийн Оюутны хөгжлийн газар нь МУИС-ийн Францын хамтын ажиллагааны төв, Зориг сан, Зангиа Портал ХХК-тай хамтран “Орлоготой оюутан – Цагийн ажилд зуучлах өдөрлөг”-ийг 2025 оны 10-р сарын 30–31-ний өдрүүдэд МУИС-ийн Номын санд амжилттай зохион байгууллаа.


Өдөрлөгийн зорилго нь суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, цагийн ажилд зуучлах, хөдөлмөрийн харилцаа ба соёлд дадлагажуулах, ажиллах туршлага олгох, төгсөгчдийн ажлын байран дахь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.



Өдөрлөгт Францын хөрөнгө оруулалттай байгууллагуудаас гадна Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болох Carrefour Mongolia, Mongolian Aupair, The Station Sukhbaatar, Alliance Française, Badrakh Energy, Ibis Styles Ulaanbaatar, Зангиа Портал ХХК, Yoshinoya Mongolia, Юу Эй Ханова ХХК, Сетунари ХХК, Эм ай си жи ХХК, “Номин Тав Трейд” ХХК, Хаан Жимс ЭсБиТи ХХК, Монбейкери ХХК, Тисэлс ХХК, Стора централ ХХК, Central Commerce, Stora, Teach for Mongolia “Илгээлтийн багш” НҮТББ, Таван Богд Ар И Ди Эженси ХХК, Mak, Sets oyu llc, Талх Чихэр ХК, Таван Богд Фүүдс Пицца ХХК, ДМД Монгол, Бодь Электроникс ХХК зэрэг 30 гаруй байгууллагын 60 гаруй хүний нөөцийн менежерүүд оролцлоо. Тэд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, 237 цагийн ажлын байр санал болгож, хоёр өдрийн турш нийт 1186 анкет хүлээн авсан байна.


Мөн NUM Career клуб өдөрлөгийн үеэр өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, ажлын байранд шаардлагатай ур чадваруудын талаар оюутнуудад зөвлөгөө өгч, ажлын ярилцлагад бэлтгэх ганцаарчилсан зөвлөгөөг санал болгосон юм.


Оюутнуудын ур чадварыг бодитоор хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн ур чадвар ба хиймэл оюун ухаан” сэдвээр “Глобал Эйч Ар Институт”-ийн гүйцэтгэх захирал Д.Дулмаа сургалт өгсөн бол Монгол – Францын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааны талаарх мэдээллийг Францын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Н.Алан Пэррие танилцуулж, Франц улсад суралцах боломжийн талаар А.Цэндсүрэн (Францын Монгол дахь төлөөлөгч) мэдээлэл өгсөн бөгөөд сургалтад төрөл бүрийн мэргэжлийн 140 гаруй оюутан хамрагдсан байна.
Өдөрлөгт оролцсон байгууллагуудын сэтгэгдлээс:



ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

