“Mongolie; Une culture en mouvement” номын нээлтийн ёслол

Share Button

Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн профессор, угсаатан судлаач, хатагтай Изабелл Бианкийн, МУИС-ийн профессор, эрдэмтэн, яруу найрагч Сэндэнжавын Дуламын намтар – ярилцлага дээр үндэслэн бичсэн “Mongolie; Une culture en mouvement” номын нээлтийн ёслол 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас МУИС-ийн Төв байрны Дугуй танхимд боллоо.SONY DSC

Ёслолд Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Делунэ,  МУИС-ийн захирал, доктор А.Галтбаяр, номын зохиогч, хатагтай Изабел Бианки, Монгол-Франц төвийн захирал Софи Латайед, МУИС-ийн профессор С.Дулам, түүний шавь нар болон бусад зочид оролцлоо. Ёслолд Франц улсын Гадаад хэргийн сайд, ноён Лоран Фабиус хүрэлцэн ирж үг хэлэх байсан боловч Сирийн асуудлыг улмаас Монгол улсад хийх айлчлалаа хойшлуулсныг зарлав. Мөн ёслолд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, ШУА-ийн ерөнхийлөгч асан, академич Б.Чадраа, академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Цэрэндаш, Содномдорж нарын эрдэмтэн мэргэд хүрэлцэн ирсэн байлаа. МУИС-ийн захирал, доктор А.Галтбаяр  ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн антрополог, этнологийн ухааны  нэг тулгуур багана болсон Францын социологи, антропологийн ухааныг үндэслэгч – Эмиль Дюркхайм, Марсел Мосс, Клод Леви-Стросс нарын үйл хэргийг үргэлжлүүлэгч, нэрт угсаатан судлаач Вивиана Пакийн шавь, Франсуа Раблегийн Турын их сургуулийн проф. Изабелл Бианки 1994 оноос манай их сургуулийн проф. Сэндэнжавын Дуламтай эрдэм номын хэлхээ холбоо тогтоож, Монгол улст арван найман удаа ирж, хээрийн шинжилгээний ажил хийн монгол малчны аж төрөхүй ёс, тэр дундаа айргийн соёл бэлгэдлийг судлан соёлын хил заагийн антропологийн (anthropologie d’un objet-frontier) тухай шинэ соргог онол дэвшүүлэн, улмаар манай соёлын хөгжил хөдөлгөөний талаар проф. С.Дуламын намтарчилсан ярилцлага дээр тулгуурлан эрдэм шинжилгээний шинэ бүтээлээ туурвин өөрийн их сургуулийн хэвлэлээр хэвлүүлээд өнөөдөр биеэр хүрэлцэн ирж, манай сургууль дээр номынхоо нээлтийг хийж байгаад бид нэн их баяртай байна” гэлээ. Проф. И.Бианки номын танилцуулгадаа: “Олон хил гаталж, олон хаалганы хишигтэн” болсон профессор С.Дулам бие биеэсээ  тун их ялгаатай гэмээр олон хэв маягийг нэгэн биедээ хослуулж, нүүдэл суурьшил хоёрыг, хөдөө хот хоёрыг, Дорно Өрнө хоёрыг, коммунизм ардчилал хоёрыг, аман зохиол судлал антропологи хоёрыг, уламжлалт эрдэм ухаан орчин цагийн шинжлэх ухаан хоёрыг  холбон буухиалагч болж байна, шинжлэх ухааны талаасаа бол бэлгэдлийн уран дархан болсон хүн” гэж илтгэв.

DSC_0318_new

Мөн МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн захирал, доктор М.Баярсайхан, тус сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр проф. И.Бианкид монгол соёл судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хүндэт доктор” цол олгосоноо зарлаж, номын ёст өмсгөл асааж, хүндэтгэлийн үнэмлэх, медальон гардуулав. Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Делунэ хоёр орны эрдэмтдийн энэхүү биетэй бодитой хамтын ажиллагааг бид цаашид ч дэмжин ажиллана гэж мэдэгдэв.

Номын нээлтийн ёслол хоёр орны шинжлэх ухаан, соёлын харилцааны бодит гэрч гэгээ боллоо хэмээн оролцогчид үнэлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар