Хичээлийн 2-р байрны ард анх 1989 онд ашиглалтанд орж, цөөн жил ажиллаж байгаад үйл ажиллагаа нь зогссон цэцгийн хүлэмж ББС-ийн Ургамал судлалын тэнхимд шинэ өнгө төрхтэйгээр дахин “мэндэллээ”. Сургалт, судалгааны зориулалтаар ашиглагдах тус хүлэмжийн нээлтийн ажиллагаа 10-р сарын 21-нд болж, эрдэмтэн багш нар оюутнуудын хамтаар “шинэ айл”-ынхаа өрхийг татлаа. Өнгийн цэцэгс алаглан, урин цагийг санагдуулсан тус хүлэмжинд ирсэн зочдын нүүрэнд нь инээмсэглэл тодорч, оюутнуудад сургалт, дадлага хийх төдийгүй залуу судлаачдад эрдэм шинжилгээний туршилт явуулах таатай нөхцөл бүрдүүлсэнд сургуулийн захиргаанд талархацгааж байв.
Нийт 12 сая орчим төгрөгийн өртөгөөр тохижуулсан цэцгийн хүлэмжинд таримал ургамлын биологи, чимэглэлийн ургамлын аж ахуй, байгалийн ургамлын үржүүлэг ба нөхөн сэргээлт зэрэг дадлагын хичээл явагдаж, оюутнууд тасалгааны, гоёл чимэглэлийн ургамлыг хэрхэн тарьж үржүүлэхийг сурахаас гадна хүнсний ногооны үрсэлгээ хийх аргыг заалгах юм. Түүний зэрэгцээ тус хүлэмжинд ховор нандин эмийн болон чимэглэлийн ургамлыг тарималжуулах, үрийн биологийн туршилт судалгааны ажил хийх боломжтой учраас ББС-ийн бас нэгэн түшиц лаборатори болж буй юм.
Нээлтийн ажиллагааны үеэр Ургамал судлалын тэнхимийн эрхлэгч Н.Сонинхишиг зочдод хүлэмжийг танилцуулахдаа “ Энэхүү лаборатори нь бидэнд олон талын боломж олгож байгаагийн нэг нь үндсэн сургалт, судалгааны хажуугаар иргэд, байгууллагын хүсэлтээр мэргэжлийн түвшинд төрөл бүрийн захиалгат сургалтууд явуулан эдийн засгийн үр өгөөжтэй ажиллах явдал юм” хэмээн ярилаа.