Өнөөдөр МУИС-ийн ХЗС-д Монгол дахь Солонгосын эрх зүйн боловсролын төв албан ёсоор нээгдлээ. БНСУ-ын Засгийн газрын санхүүжилт бүхий энхүү төслийг улсдаа нэр хүнтэй Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нар таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд хуулийн чиглэлээр шинээр бакалаврын ангид элсэгчдээс солонгос хэлээр 20 оюутныг шалгаруулж аваад 2-р курсыг нь дуустал мэргэжлийн солонгос хэл зааж, 3-р курсээс нь эхэлж Солонгос багш нар солонгосын эрх зүйн тогтолцооны голлох хичээлүүдийг орж, 5 жилийн дараа хоёр орны эрх зүйн өндөр боловсролтой, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж төгсөх юм байна. Энэхүү төв байгуулагдсны ач холбогдлын талаар ХЗС-ийн профессор, акадетич С.Нарангэрэлээс тодрууллаа.
– Өнөөдөр 40 мянга орчим монголчууд БНСУ-д хууль ёсны болон хараар амьдарч байна. Нөгөө талаар БНСУ манай улсад хөрөнгө оруулалтаараа дөрөвт ордог томоохон хандивлагч. Тэдний иргэд ч сүүлийн жилүүдэд Монгол улсад бизнес эрхлэн олноор суурьших болсон. Эдгээр нөхцөл байдлын үүднээс өнөөдөр эрх зүйн боловсролын ийм төв байгуулж байгаа нь үнэхээр цагаа олсон хэрэг. Түүнчлэн манай багш нарын хувьд Солонгос профессоруудын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйн талаас нь суралцаж, сургуульдаа нутагшуулах боломж бүрдэж байгаагаараа үр өгөөжтэй. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй байна. Юу гэвэл манай оюутнууд залхуу, тэсвэр тэвчээргүй, шантрамтгай зангаасаа болоод үр дүнгий нь бүрэн гүйцэт хүртэж чадахгүй өнгөрөх вий гэхээс сэтгэл их зовнидог. Бид Япон улсын яг ийм төслийг Нагоаягийн их сургуультай хамтран хэрэгжүүлээд өнгөрөгч хавар эцсийг нь үзэхэд анх элссэн 20 оюутнаас дөнгөж зургаахан нь төгссөн явдал дэндүү чамлалттай тоо. Тиймээс энэ их хөрөнгө, хүчийг үр ашиггүй зарцуулахгүйн тулд эхнээс нь оюутнууддаа өндөр хариуцлага хүлээлгэх хэрэгтэй юм. Ямар ч нэмэлт төлбөргүйгээр эх орондоо өндөр хөгжилтэй улсын эрх зүйн дээд боловсролыг давхар эзэмшээд төгсөнө гэдэг хэн хүнд олдоод байх аз завшаан биш шүү дээ.
Солонгосын эрх зүйн боловсролын төвийн нээлтийн арга хэмжээний дараа хоёр орны эрдэмтэн судлаачид бүтээл туурвилаа хэлэлцсэн, харилцан туршлага хуваалсан, санал бодлоо солилцсон эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө.