МУИС-ийн Хөгжлийн сангийн зарим үйл ажиллагааны мэдээлэл

Share Button

 

Барилгын суурийн талаар

 Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ү-2203010462 тоот улсын бүртгэлийн дугаартай оюутны байр, конторын барилга барих зориулалттай 375 квм талбайтай барилгын суурийг 2004 онд “МУИС”-Хөгжлийн Сан  ТББ худалдан авсан.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн газартай холбоотой маргаан байсан тул газар эзэмших эрх нь манай байгууллагад шилжээгүй. МУИС-ийн зүгээс газар эзэмших эрхийг шилжүүлж авах талаар Нийслэлийн газрын албанд удаа дараа хандсан боловч тухай бүрт газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгч байсан. Энэ нь Нийслэлийн газрын албаны 2008 оны 05 сарын 06 ны өдрийн 2/732 тоот албан бичигт тодорхой дурдагдсан байгаа.

2010 оны намраас байнга  шуурхай хөөцөлдсөний үр дүнд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2010 оны  11 сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжаар уг барилгын суурийн газар эзэмших эрхийг МУИС шилжүүлэн авч 7-8 жил шийдэгдээгүй байсан зөрчлийг шийдсэний хамт зарж борлуулах бодит боломжтой болсон.

Барилгын суурийн харуул хамгаалалтын болон бусад зардалд 2004 оноос хойш 30  сая төгрөг зарцуулсан ба цаашид зөвхөн харуул хамгаалалтын зардалд сард 1 сая гаруй төгрөг зарцуулахаар байсан. 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс зохих бэлтгэл хангасны үндсэн дээр харуул хамгаалалтыг татан буулгаж зардал гаргахаа зогсоосон. Иймээс сургуулийн хараа хяналтаас гадуур байгаа барилгын суурийг түргэн нэг тийш нь шийдэх шаардлага гарсан.

Үүнтэй уялдан уг барилгын суурийг цаашид хэрхэх талаар судалгаа хийж дүгнэлт зөвлөмж гаргах зорилготойгоор МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хурлаар хэлэлцэн 2011 оны 6 дугаар сарын 9-ны өдөр 317 тоот тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Ажлийн хэсэг 2006, 2008, 2011 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын дүгнэлтүүд,  2011 онд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн багш нарын гаргасан дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 07/2181 тоот албан бичгээр техник, технологийн хувьд барилгын суурийг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар барилгын суурийг өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээг / 2011 оны 6 сарын 24 өдрийн 11/08 дугаартай үнэлгээний тайлан/ гаргуулан борлуулах үнийн жишигтэй болсон.

Худалдан авагчдын судалгааг хийхэд иргэн Мяндас, Баяржавхлан, Тунгалаг-Эрдэнэ ХХК, иргэн Б.Очирхуяг нарын худалдан авах эхний саналууд ирсэн боловч барилгын суурь, түүний нөхцөл байдалтай танилцсан хүмүүс худалдан авах боломжгүй гэсэн хандлагатай болсон.

Иймд техникийн нөхцөл байдал, бусад шалтгаан худалдан авагчдын саналын байдлыг үндэслэн 300 сая төгрөгнөөс доошгүй  үнээр худалдан  борлуулж, орлогыг нь сандаа авах зөвлөмжийг “МУИС”-Хөгжлийн Сан ТББ-ын Удирдах зөвлөлд гаргаж өгсөн.

Ажлын хэсгээс гаргасан худалдан авагчдын судалгаа зөвлөмжийг ”МУИС”-Хөгжлийн Сан ТББ-ийн удирдах зөвлөл 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн “Тунгалаг-Эрдэнэ” ХХК-нд 300 сая төгрөгөөр зарж борлуулах шийдвэр гаргасны дагуу худалдан борлуулах хэлцэл хийгдэж байгаа болно.

 Зөөврийн компьютер худалдан авсан тухай

 2010 оны 7-р сард зохион байгуулагдсан Монгол, Солонгосын оюутны их наадмыг санхүүжүүлэх зардлыг босгох  зорилгоор LG  фермийн 95 ширхэг зөөврийн компьютерийг “МУИС”-Хөгжлийн Сангийн   2010 оны 7-р сарын 15-ны өдрийн УЗ-ийн хурлаар хэлэлцэн ярилцаад авсан байна. Уг наадмын үндсэн зохион байгуулагч Монголын талаас БСШУЯ байсан бөгөөд МУИС болон бусад төрийн өмчийн сургуулиуд  тус бүрийн үүрэг оролцоотойгоор оролцсон болно. Тус сургуульд худалдаж авсан зөөврийн компьютер    (Дэлгэц 11,6 инч, процессор core 2 duo, ram 2G, hard 512)  үзүүлэлттэй бөгөөд багш, судлаачдын хэрэгцээг сайн хангах, зөөж авч явахад маш хөнгөн (1.39 кг), LSD дэлгэцтэй компьютер байв.  Тухайн үеийн интернетийн хайлтаар судлаачид үзэхэд  олон улсын хэрэглэгчдээс маш сайн (5), сайн (4) үнэлгээ авч байсан. Үзүүлэлт хэрэглэгчийн боломж, дизайны хувьд 2010 оны Монголын зах зээл дээр 1000$-оос дээш үнэтэй байх боломжтой гэж сургуулийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд дүгнэж байсан нь УЗ-ийн хурлын протоколоор байгаа болно. Энэ зөөврийн компьютерийг одоо зарим нэг сонин хэвлэлд бичсэн байгаа шиг хуучин зүйлийг шахсан хэрэг огт биш бөгөөд хүлээн авсан багш бүр хайрцагнаас нь шууд задлаж аваад ашигласан ба нийт хүмүүс сэтгэл хангалуун байгаагаа байнга илэрхийлж байдаг. Тэр үед компьютерийн талаарх бүх мэдээллийг харьцуулан дүгнэж ярилцсаны үндсэн дээр “МУИС”-Хөгжлийн Сангийн Удирдах зөвлөлийн хурлаар уг зөөврийн компьютеруудыг санал болгож байсан 550$-ийн үнээр нь сургуульд худалдан авч, эхний ээлжинд бүх тэнхимийн эрхлэгчдэд хувиарлан эзэмшүүлж ажиллуулах шийдвэр гаргасан байна. Уг зөөврийн компьютеруудийг одоо ашиглаж байгаа тэнхимийн эрхлэгч, профессор багш нар бүгд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хичээлийг прожектор ашиглан заах, судалгааны ажил, ном бүтээл боловсруулахад их үр дүнгээ өгч байгаа, хямд үнээр авсан ч үр дүн сайтай арга хэмжээ болсон гэсэн сэтгэгдэлтэй байгаа. Худалдан авсан бүх компьютерүүдийг үндсэн хөрөнгийн бүртгэлд орлого авч, эзэмшигч нэг бүрээр карт хөтлөгдөж, тоологдож байгаа болно.                  

МУИС-ийн Хөгжлийн сан 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар