Москвагийн улсын их сургуулийг үүсгэн байгуулсан Оросын анхны академич, нэрт эрдэмтэн Михаил Васильевич Ломоносовын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан “Ломоносов-300: МУИС, МГУ-ын хамтын ажиллагааны түүхэн замнал, ирээдүй” нэртэй эрдэм шинжилгээний бага хурал зохиогдлоо. МУИС-иас санаачилсан тус хуралд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС төгссөн эрдэмтэн багш нар 1) МУИС болон МУ-ын боловсрол шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Москвагийн УИС-ийн оруулсан хувь нэмэр (Илтгэгч: Гавъяат багш, акад. А.Мекей), 2) Москвагийн УИС-ийн Коллоид химийн тэнхимтэй хамтран ажиллаж ирсэн түүх, ирээдүйн төлөв (Илтгэгч: МУ-ын гавъяат багш, проф.Р.Санжаасүрэн(Sc.D), 3) МУИС, МГУ-ын Биофизикийн салбар дахь хамтын ажиллагаа (Илтгэгч: МУ-ын гавъяат багш, проф.Т.Гун-Аажав (Sc.D.), 4) Москвагийн УИС – бидний үлгэр дуурайлал (Илтгэгч: МУ-ын гавъяат багш, проф. Ц.Жамсран(Ph.D), 5) Манай орны математикийн шинжлэх ухаанд Москвагийн УИС-ийн оруулсан хувь нэмэр (Илтгэгч: проф.А.Галтбаяр (Ph.D) , Гавъяат багш, акад. А.Мекей(Sc.D), 6) МГУ-д бэлтгэгдсэн МУ-ын физикч эрдэмтэд (Илтгэгч: Л.Энхтөр (Ph.D), 7) МУ-д дээд боловсролтой хуульч бэлтгэхэд МГУ-ын гүйцэтгэсэн үүрэг (Илтгэгч: проф.Д.Солонго (Ph.D), 8) МГУ болон эдийн засгийн ухаан (Илтгэгч: проф.Б.Отгонтөгс (Ph.D), 9) М.В.Ломоносов болон орос хэл судлал (Илтгэгч: Москвагийн УИС-ийн хүндэт проф., проф. Ц.Саранцацрал (Sc.D). нар илтгэл тавьлаа.Хурлын бас нэг зорилго нь их сургуулийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээн, шинэ шатанд гаргаж, цар хүрээг нь улам өргөжүүлэх тухай үнэтэй санал санаачилгууд хэлэлцүүлэхэд оршиж байв.
Анх 1942 онд МУИС-ийг байгуулагдахад нь МосУС эрдэмтэн багш нараа томилон явуулж, сургалтын тоног төхөөрөмж, ном сурах бичиг илгээж, халуун сэтгэлээ зориулж байсан түүхтэй. Монгол улс 1940-өөд оноос эхлэн Москвагийн Их Сургуулийн байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны олон салбараар оюутан залуусыг илгээн суралцуулж МУИС-ийн анхны багшлах боловсон хүчнээ бэлтгэж байжээ. Өнөөдөр МУИС-д МГУ-ийн төгсөгч-эрдэмтэн, доктор, профессор, академич, гавъяат багш нар ажиллаж байгаа бөгөөд тэд монгол орны нийгэм, улс төр, шинжлэх ухаан, соёл боловсролыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан, манай улсын үндэсний нэр хүндтэй сэхээтнүүд юм.