МУИС-ийн оюутан нийтлэг үйлчилгээний төлбөрийг давхар төлдөггүй

Share Button

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнийн news.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг та бүхэнд нийтлэн хүргэж байна.

Мэдээллийн эх сурвалж news.mn

9666ab_6-17-7_700x700_x320-Монгол Улсын ууган их сургуулийн энэ хичээлийн жилийн онцлог юу байх вэ?

-Монгол Улсын Их Хурлаас боловсролын тухай хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг шинэчилсэн, МУИС-ийн хөгжлийн шинэ стратегийг батлуулсны дараа эхэлж буй хичээлийн жил. МУИС-ийн хөгжлийн зорилтыг өөрийн улс орондоо төдийгүй бүс нутаг, олон улсын боловсролын хамтын нийгэмлэгт байр сууриа бататгасан, нэр хүндээ өсгөсөн дэлхийн хэмжээний их сургууль болохоор тодорхойлсон. Хамгийн ойлгомжтой бөгөөд товчоор илэрхийлбэл 2024 он гэхэд Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болсон байхаар ирээдүйгээ харж байна.

-Азийн шилдэг 100 их сургуулийн нэг болно гэдэг нь их амбицтай зорилт байна. Энэ хэр бодитой вэ?

-Ер нь Азийн шилдэг их сургууль гэдэг бол дэлхийн шилдэг их сургууль гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд олон улсын зэрэглэлээр дэлхийн шилдэгт жагсаж буй Азийн их сургуулиудын тоо эрчимтэй өсөж байна. Австрали, Сингапур, Япон, БНСУ, БНХАУ-ын шилдэг их сургуулиудтай эн зэрэгцэж очно гэдэг бол том зорилт шүү. Гэхдээ Монгол Улсын хөгжлийн ирээдүй нь мэдлэгт суурилсан байна гэвэл түүний гол институц нь энэ түвшинд хүрэхийг зорихоос өөр сонголт үгүй, ийм ч учраас Улсын Их Хурал 2015 оны эхээр баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-доо энэ зорилтыг тодорхойлсон хэрэг. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй их сургууль болохын тулд нэн түрүүнд Монгол орныхоо төдийгүй гадаадын авьяас чадвартай оюутан, багш судлаачийг татаж ажиллуулах өрсөлдөх чадвартай болохыг хэлж байна. Тэдний суралцах, судалгааг үр дүнтэй хийх нөхцөл, орчин бүрдүүлж, хичээлээ монгол хэлнээс гадна англи болон бусад түгээмэл гадаад хэлээр заадаг, багш нарын маань олон улсын мэргэжлийн хэвлэлд нийтлүүлэх бүтээлийн тоо одоогийнхоос хэдэн арав дахин нэмэгдсэн байх шаардлагыг хангана гэсэн үг. Үүний эхлэл болгож энэ шинэ хичээлийн жилээс бид гадаадаас багш судлаач шалгаруулан урьж ажиллуулах, зарим хичээлийг англи хэлээр санал болгох, Honors хөтөлбөрөө эхлүүлэхээр бэлтгэсэн.

-Энэ ажилд санхүүгийн эх үүсвэр ихээхэн шаардагдах байх. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт бодитоор хийх боломж байгаа юу?

-Үнэн. Их сургуулийн сургалт, судалгааны орчин ихээхэн өөрчлөгдөх ёстой. Сүүлийн жилүүдэд их сургуулийн судалгааг дэмжих, лаборатори байгуулахад нэлээд их хэмжээний төсвийн хөрөнгө зарцуулагдсан. Цаашид энэ хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой.  Харамсалтай нь яг одоо төсвийн байдал тийм сайн биш байна. Өнөөдөр манай номын сангийн үндсэн фонд маань ерөнхийдөө сурах бичгээс бүрдсэн хичээлийн номын сангийн түвшинд байгааг судлаачдад үйлчлэх чадвартай “их сургуулийн” номын сан болгож хөгжүүлэх зорилт тулгарч байна. Энэ зорилтын хүрээнд МУИС-ийн шинэ номын сан энэ намар ашиглалтад орох гэж байна. Сургуулийн орлогын гол эх үүсвэр нь оюутны сургалтын төлбөр, гэхдээ үүнийг хэмжээг хязгаарлахыг төр, олон нийтийн зүгээс байнга шахаж шаардаж байгаа нөхцөлд энэ том зорилтод хүрэх нь амаргүй ч гэлээ жижиг боловч ахиц гаргах бүх боломжийг дайчлахыг хичээж байна. Энэ зун гэхэд БНСУ-ын Гёксанбук-до мужийн захиргаа нэг зуун сая вон, Сөүл хотын захиргаанаас өндөр хурдтай сканнер, е-Март дэлгүүрийн сүлжээ тавин мянган долларын хандив өгч номын сангийн үйлчилгээг дижиталчлах, гадаад хэлний сургалтын тоноглолыг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж байна. Цаашид МУИС-ийг хөгжлийг дэмжсэн хандивын хэмжээг нэмэгдүүлэх цогц ажиллагаа төлөвлөгдсөн.

-Хуулийн шинэ орчинд орж байгаа тухай Та дурдлаа. Энэ ямар агуулгатай шинэчлэл юм бэ?

-Хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу их сургуулиудын бие даасан байдлыг бататгаж, үйл ажиллагааныхаа төлөө хариуцах үүргийг нэмэгдүүлсэн. Үүнд засаглалтай холбоотой томоохон зохицуулалт хийсэн. Төрийн өмчийн их сургуулийн Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч буюу төр, багш, оюутан, төгсгөгчдийн төлөөллөөс гадна 6 жилийн хугацаатай тогтвортой ажиллах хараат бус гишүүдтэй болж байна. Эдгээр хараат бус гишүүд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 40 хувийг бүрдүүлэх бөгөөд Монголын олон нийтийн эрх ашгийг хамгаалж, их сургуулийн хөгжлийн тогтвортой бодлогыг хангаж, гаднаас тухайн сургуульд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх үүрэг хариуцлагатай байх юм. Их сургууль нь өөрөө өөртөө үйлчилдэг байгууллага байж мөн таарахгүй.  Хамгийн гол нь улс төрийн болон өөр бусад бүлгийн ашиг сонирхлоос хараат бус байж, их сургуулийн бие даасан байдлыг хангахын гол баталгаа болж буйгаараа онцгой ач холбогдолтой. Энэ хараат бус, бие даасан байдлыг хамгаалан бэхжүүлэх тухай эрмэлзэл нь одоо эрх барьж буй намын мөрийн хөтөлбөрт ч тусгалаа олсон, цаашид тогтвортой хадгалагдах бодлого гэж ойлгож байгаа. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу их сургуулиуд хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагааныхаа хэм хэмжээг тогтоож, үр дүнг хариуцах үүрэг хүлээж байгаа.

-МУИС зэрэг томоохон сургуулиуд олон оюутан элсүүлснээс жижиг сургуулиуд элсэгчгүй болсон гэх яриа гарч байна. Энэ онд танайх хэдэн оюутан элсүүлэв?

-Хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу МУИС энэ онд элсүүлэх оюутны тоогоо Удирдах зөвлөлөөрөө батлуулсан. Ингэхдээ стратегийн төлөвлөгөөнд тусгасны дагуу бакалаврын түвшний элсэлтийг нэмэгдүүлэхгүй, харин ч аажмаар багасгаж, судалгааны ажлын үндсэн бүрэлдэхүүн болдог магистр, докторын оюутны тоо, хувийн жинг нэмэгдүүлэх чиглэл баримталсан. Энэ онд манай элсүүлсэн оюутны тоо 2014 оны түвшинд байгаа (2015 онд ерөнхий боловсролын сургууль төгсгөгчдийн тоо өмнөх оныхоосоо хоёр дахин бага байсантай холбоотойгоор өнгөрсөн жил цөөн оюутан элсүүлсэн юм).

Сүүлийн хоёр жилд МУИС өдрийн ангийн элсэлтээ онлайн горимоор зохион байгуулж, олон нийтэд нээлттэй ил тод явуулж байна. Иймээс урьд өмнө элсэлтийн журмаасаа гадуур оюутан элсүүлсэн тухай гардаг байсан хардлагаас ангижирсан гэсэн үг. Харин зарим иргэд хүүхдээ МУИС-д суралцуулахаар яамны удирдлага, УИХ-ын гишүүдэд өргөдөл хүсэлт гаргасныг манайд шилжүүлж өгсөнд нь журмаа тайлбарлаж хариу өгсөн. Үүнд дурамжхан үлдсэн хүмүүс цөөнгүй байгаа байх. Бид элсэлтийн үйл ажиллагаанаасаа эхлээд энэ сургуульд ёс суртахууны зөв хэвшил соёл болох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Таныг хөрөнгө мөнгөний томоохон зөрчил гаргасан гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар тодруулж өгнө үү.

-25 дугаар суваг телевизээс сурвалжлагч ирж асуух зүйл байна хэмээн уулзсан. Олон нийтийн мэдээллийн сайтад надтай холбоотой мөнгө хөрөнгөний зөрчил гаргасан тухай мэдээлэлд ямар хариу өгөх вэ гэж асуусан л даа. Би тэр үед хаана ямар мэдээ гарсныг огт мэдээгүй байсан тул “хэрэв зөрчил гаргасан бол хянадаг шалгадаг байгууллага нь шалгаж дүгнэсний дараа тодорхой болно биз” гэсэн байдлаар хариу өгсөн. Харин дараа нь “24 цаг” гэдэг сайтад намайг 5.8 тэрбум төгрөг буюу онц их хэмжээний зөрчил гаргасныг Үндэсний аудитын газар тогтоосон гэж бичсэнийг олж үзсэн. Өнгөрсөн 11 дүгээр сараас төрийн өмчийн их сургуулиудад Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит эхлүүлсэн юм. Тэдний мэргэжилтнүүд манайд нэлээд хугацаагаар ажиллаж санхүүгийн үйл ажиллагаа хэвийн, зарим тохиолдолд бусад байгууллагад үлгэр болох хэмжээнд хэвшиж байна гэсэн байр суурь илэрхийлж байсан атал тайланд нь үндэслэл нотолгоогүй дүгнэлтүүд бичигдсэн байсныг бид нягтлуулахаар нэмэлт баримт мэдээлээлтэйгээр хүргүүлсэн юм. Одоогоор бидний хүргүүлсэн материалыг хэрхэн үзэж байгаа талаараа хариу мэдэгдээгүй байна. Тэдний урьдчилсан тайланд МУИС нь сургалтын суурь төлбөр авч байгааг буруутгасан дүгнэлт байсан. Үүнээс өөрөөр хөрөнгө мөнгөний зөрчилд холбогдуулахаар дүгнэлт байгаагүй.

-Танай сургууль суурь төлбөр авч байгаа, энэ нь хууль бус гэх яриа өрнөж байсан. Суурь төлбөр гэж юуг хэлээд байна вэ?

-Их сургуулиуд яагаад кредит буюу багц цагт суурилсан сургалтын зохион байгуулалтад шилжив, үүнтэй холбоотойгоор санхүүгийн систем нь яаж өөрчлөгдөв гэдэгтэй холбоотой л доо. МУИС суурь төлбөрийг ялган тогтоосноор нийтлэг үйлчилгээний төлбөрийг давхардуулан авахыг зогсоосон. Суралцаж байгаа оюутан өөрийн боловсрол эзэмших үйл явцын эзэн байж, аль хичээлийг хэдийд сонгон үзэхээ шийддэг зарчимд шилжихээр бид бүр 1990-ээд оны эхээр чигээ тогтоосон. Гэвч энэ шилжилт олон жил сунжирч бүрэн гүйцэд болоогүй байсныг сүүлийн 3 жилд МУИС өөрийнхөө хүрээнд гүйцээн хэрэгжүүлж байна. Ингэж оюутан бүр өөрийн сонирхол, боломжид тулгуурлан сонголт хийж байгаа тохиолдолд төлбөр тооцооны систем ч үүнд нийцсэн байх учиртай. Иймээс 2011 онд МУИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрийн хэмжээг оюутны сонгох хичээлийн багц цагийн төлбөр (tuition) болон нийтлэг авах үйлчилгээний суурь төлбөр (fees)-ийн нийлбэр байхаар тогтоосон нь манайхтай ижил төстэй гадаадын сургуулиудад нийтлэг жишиг болсон практик юм. Оюутан бүр хэдэн кредитийн хичээлийг тухайн семестрт сонгон судалж байна, түүндээ таарсан төлбөрийг улирал, улиралдаа төлөх боломжтой болсон. Өмнө нь бол оюутны хичээлээ сонгох боломж бүрдээгүй байх үед бүх оюутныг нэгэн ижил хичээл судлуулахаар сургууль нь урьдчилан оноож, түүнд харгалзуулан төлбөрийн хэмжээг бүхлээр нь нэгэн ижил хэмжээгээр тогтоож авдаг байсан. Өнөөдөр ийм байдлаар үргэлжлэх ёстой гэж үздэг хүмүүс байсаар байна.

МУИС-ийн зардлыг задалж үзвэл захиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, номын сан, хичээл практик, багш ажилтны цалин хөлс, халаалт, цахилгаан, цэвэр, бохир ус ашиглалтын гэхчлэн бүрдэл хэсэгтэй. Үүнээс байрны ашиглалтын зардлыг улсын төсвөөс хариуцдаг. Оюутан хэдэн хичээл сонгохоос хамааралгүй гардаг зардал буюу  захиргаа, аж ахуй, шуудан холбоо, сургалтын алба, мэдээллийн технологи, оюутны үйлчилгээ, номын сан, цэвэрлэгээ, урсгал засвар, ажилтан, ажилчдын цалин хөлс зэрэг нь нийтлэг үйлчилгээний зардал бөгөөд үүнийг суурь төлбөрөөс санхүүжүүлж байна. Харин хичээл сургалттай шууд холбогдох багшийн цалин, тэднийг хөгжүүлэх зардал, хичээл практик, сургалтын лаборатори, кабинетын багаж хэрэгсэл, түүхий эд, урвалж бодис, ашиглалтын зардлыг багц цагийн төлбөрт шингээсэн байгаа юм. Үүний дүнд оюутан хүн сонгосон хичээлийн тооноосоо хамааран нийтлэг үйлчилгээний зардлыг дахин дахин давхардуулан төлөхөөс хамгаалсан зарчим юм. Олон улсын их сургуулиудад баримталдаг сургалт, нийтлэг үйлчилгээний төлбөрийн задаргааны энэ зарчим бол 1990-ээд оноос хойш бидний хэрэгжүүлэхийг зорьж буй кредитийн системд шилжих үйл явцын үндсэн зарчим гэдгийг боловсролын салбарынхан ч ойлгож, нэвтрүүлэх хэрэгтэй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар