Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

Share Button

Өнөөдөр /2017.12.11/ Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад Мицубиши корпорацийн нэрэмжит олон улсын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Алтангэрэл, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал, Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Хамажима Хироаки, Мицубиши корпорацийн Нийгмийн хариуцлагын төсөл хариуцсан ажилтан Б.Энхзол, Мицубиши корпорацийн ажилтан Цолмон болон тэтгэлэг гардан авсан 10 оюутан оролцсон юм. 

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.

2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2013 оноос эхлэн МУИС дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 68 оюутанд тэтгэлэг олгож байжээ.

Энэ жилийн хувьд Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт нийт 115 оюутан материал ирүүлснээс докторын түвшний суралцагч-2, бакалаврын түвшний суралцагч-8, нийт 10 оюутан тэтгэлгийг хүлээн авахаар боллоо.

 

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдын нэрс

  • Д.Энхсүх /БС/
  • Э.Байгал /ХЗС/
  • Б.Сувд /ХЗС/
  • А.Эрхэс /ШУС-НУС/
  • Б.Цацрал /ШУС-НУС/
  • Т.Намуунболор /ШУС-НУС/
  • Г.Мөнхбаяр /ШУС-НУС/
  • Д.Долзодмаа /ХШУИС/
  • Ш.Лазина /ХШУИС/
  • Г.Баасанцэрэн /ХШУИС/

 

Тэтгэлгийн талаар зарим зүйлийг Оюутны хөгжил, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалаас тодрууллаа. 

-Мицубиши корпорацийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг ямар шалгаруулалтаар олгодог вэ?

Юуны өмнө тэтгэлэгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье. Сонгон шалгаруулалтын хувьд МУИС болон тэтгэлэг олгогч байгууллагын хооронд байгуулсан гэрээний хүрээнд шалгуур үзүүлэлтийн дагуу МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг анхан шатны сонгон шалгаруулалтыг хийж, тэтгэлэг олгогч байгууллагад хүргүүлсэн. Тэтгэлэг олгогч талаас эцсийн шатны шалгаруулалтыг хийж МУИС-д албан ёсоор мэдэгдсэний дагуу 10 оюутан тэтгэлэг авч байна.

-Тэтгэлгийн хэмжээ ямар байдаг вэ?

Хамтын ажиллагааны гэрээний нөхцөлүүд жил бүр шинэчлэгддэг. 2017-2018 онд шинэчлэгдсэн гэрээний дагуу нэг оюутанд 1 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна.

-Дараачийн тэтгэлэг хэзээнээс эхлэн зарлагдах вэ?

МУИС-ийн оюутнуудад зориулсан тэтгэлэгийн талаархи мэдээллийг тухай бүр нь МУИС-ийн албан ёсны вебсайт, фэйсбүүкээр нээлттэй зарладаг. Тухайн тэтгэлгийн мэдээлэл үзсэн хандалтын тоо 7000-8000 байгаагаас харахад мэдээлэл хангалттай хүрч байгааг илтгэж байна гэж үзэж байгаа. Дараагийн тэтгэлэг Японы Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлэг 2 дугаар улирлын эхээр зарлагдана. Шалгуур үзүүлэлт, болзлыг зар дээр тодорхой мэдээлдэг. Ерөнхийдөө, МУИС-ийн тэтгэлэгийн нийтлэг шаардлага байдаг. Дүнгийн голч 3,0 буюу түүнээс дээш байх, тухайн улиралдаа доод тал нь 12 багц цагийн хичээл судалж үнэлүүлсэн байх, нийгмийн идэвхитэй оюутан байх, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн нийтлэг шаардлага тавьдаг.

-Тэтгэлэгт хүсэлт гаргах оюутнуудад анхааруулах зүйл байна уу?

Тэтгэлэгт хүсэлт гаргаж буй оюутнууд мэдээж янз янз байна. Зарим оюутнууд маш нямбай, тэтгэлэгийн зорилгод нийцүүлэн материалаа бэлдэж өгдөг. Зарим оюутны материал шаардлага хангадаггүй. Тэтгэлэгт хүсэлт гаргадаг оюутнуудын нийтлэг алдаа байдаг. Зараа сайн унших хэрэгтэй. Материалаа дутуу бүрдүүлдэг, анкет болон эссэ бичихдээ гараар гаргацгүй бичдэг, нотлох бичиг баримтуудаа дутуу хавсаргадаг. Нэг удаагийн тэтгэлэгт 100 гаруй оюутан хүсэлт гаргадаг. 3-10 хувь нь сонгогддог. Жилд нийтдээ 300-аад оюутан тэтгэлэгт хамрагддаг. Энэ нь МУИС-ийн нийт оюутны тоонд харьцуулахад дөнгөж 1,5 хувьтай тэнцэх хэмжээний тоо болохоор  эрэлт үүсгэдэг, өрсөлдөөнтэй байдаг. Тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд энэ удаа чадаагүй ч дараагийн удаа бэлдэж байгаад дахин өрсөлдөөрэй. Амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар