БНЭУ-ын төлөөлөгчид айлчиллаа

Share Button

БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Сурэш Бабу ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга О.П. Миинагийн хамтаар 8 дугаар сарын 23-ны өдөр МУИС-д айлчилсан юм. Уулзалтад МУИС-ийн зүгээс захирал Др. Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Др. Б.Очирхуяг, ШУС-ийн ХУС-ын зөвлөх профессор Б.Энхбаяр болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцав.  Уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчид МУИС болон БНЭУ-ын ЭСЯ хоорондын хамтын ажиллагаа хэрхэн явагдсан талаар мэдээлэл солилцов. МУИС-ийн зүгээс БНЭУ-ын нэр хүнд бүхий их дээд сургуулиудтай мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, багш, оюутан солилцоог идэвхжүүлэх саналтай буйгаа илэрхийллээ.

Ноён элчин сайд томилолтын хугацаа нь дуусч буй талаар мэдэгдээд шинэ элчин сайдад МУИС-ийн зүгээс дэвшүүлсэн саналыг уламжлахаа илэрхийлэв.

Мөн тэрээр үргэлжлүүлэн энэ жилийн 10 дугаар сарын 02-ны өдөр энэтхэгийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Махатма Гандигийн мэндэлсэний 150 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд МУИС-ийн багш, оюутнууд болон төрийн байгууллагуудыг оролцуулан ойн арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Захирал Др. Я. Төмөрбаатар энэхүү саналыг хүлээн авч буйгаа мэдэгдээд арга хэмжээг МУИС-ийн шинэ номын санд зохион байгуулж багш, оюутнуудыг өргөнөөр оролцуулахаа илэрхийлллээ.

Уг уулзалтын маргааш нь буюу 8 дугаар сарын 24-ний өдөр Энэтхэгийн Соёлын Харилцааны Хорооны (Indian Council for Cultural Relations) дарга хатагтай Гангули Дасыг МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар хүлээн авч уулзсан юм. Хатагтай Гангули Дас элэгсгээр хүлээн авч буйд МУИС-ийн захирал Др. Я. Төмөрбаатарт талархлаа илэрхийлээд МУИС-тай боломжит бүх чиглэлүүдээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Захирал Др. Я.Төмөрбаатар хариу талархал илэрхийлээд хамтран ажиллах чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй саналаа илэрхийлэв. Тухайлбал:  багш судлаачдын хамтын ажиллагааг энэтхэгийн түүх, соёл, санскрит хэл болон мэдээллийн технологийн чиглэлүүдэд явуулах, багш, судлаачдын хамтарсан старт-ап компани байгуулахтай холбоотой хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; оюутны сургалт, солилцооны талбарт Монголын нефть боловсруулах салбар дахь мэргэжилтэн, хүний нөөцийг бэлдэх зорилгоор МУИС-ийн 1-2 дугаар курсын химийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг сонгон шалгаруулах замаар Энэтхэг улсад суралцуулах ; магистрын түвшинд сэндвич хөтөлбөр хэрэгжүүлэх;  урт болон богино хугацааны оюутан, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх болон 2019-2020 онд Монгол, Энэтхэгийн их дээд сургуулиудын ректоруудын уулзалтыг зохион байгуулж аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн дээд боловсролын хөгжил, хоёр орны их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх болон  санскрит хэл, шашин судлал, түүхийн эх сурвалжтай холбоотой олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон мэдээллийн технологийн салбарын монгол, энэтхэгийн эрдэмтэн судлаачид болон, аж ахуйн нэгжүүдийн хамтарсан уулзалт, хурал зохион байгуулах талаар хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Хатагтай Гангули Дас хамтын ажиллагааг санскрит хэл, шашин судлалын зочин багшийг МУИС-д ажиллуулах нь хамтын ажиллагааны хамгийн боломжит хувилбар гэдгийг дурдаад хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хоёр талаас боловсруулах нь зүйтэй гэдгийг уулзалтын төгсгөлд дурдсан юм.