“САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрийн танилцуулга өдөрлөг зохион байгуулагдлаа

Share Button

Япон Улсын Шинжлэх ухаан технологийн агентлагаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “САКУРА” оюутан солилцооны хөтөлбөрт МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль болон Шинжлэх Ухааны Cургуулийн бакалаврын болон ахисан түвшний 10 оюутан нэг багшийн хамт 2018 оны 8 дугаар сарын 21-30-ны өдрүүдэд хамрагдаад ирлээ. МУИС-ийн проф. О.Болормаа болон Япон Улсын Мияазакигийн Их Сургуулийн проф. Коичиро Шиомори нарын хариуцан хэрэгжүүлж байгаа 4 дэх удаагийн хөтөлбөрт оролцсон оюутнууд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оюутан залууст МУИС-ийн Номын сангийн 202 тоотод  2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулж өөрсдийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэ удаагийн хөтөлбөр нь “Усны нөөц, түүнийг нөхөн сэргээх шинэ технологи” сэдвээр явагдсан ба бохир ус цэвэрлэх байгууламж, хүрээлэн буй орчны хяналтын шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцсан төдийгүй Фүкүокагийн шинжлэх ухааны музей, Омута хот дахь нүүрсний уурхайн музейгээр зочилжээ. Мөн Мияазакигийн Их Сургуулийн профессоруудын лекцэнд хамрагдан тус улсын шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудтай танилцсан байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд болон проф. О.Болормаа нар илтгэл толилуулж, хөтөлбөрийн үйл ажиллагаануудын үеэр татуулсан гэрэл зургууд, дэлгэн тавьсан  танилцуулгаараа дамжуулан хүрэлцэн ирсэн оюутан залууст  “САКУРА”  хөтөлбөрийн тухай, түүнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч мөн энэхүү хөтөлбөр нь хүрээлэн буй орчны судалгаа хийдэг оюутан бүхэнд нээлттэй хөтөлбөр болохыг онцолж байв.

Мөн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Мияазакигийн Их Сургууль  болон Монгол Улсын Их Сургуулийн харилцаа холбооны гүүр болж энэхүү программыг удаа дараа амжилттай хэрэгжүүлсэн проф. О.Болормаа болон Коичиро Шиомори нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье хэмээсэн юм.

Бичлэгийг дарааах холбоосоор орж үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=Qm3H2zRxjQ0&feature=youtu.be

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар