1200 жилийн дараа Орхоны Хар балгасын хонх тал нутагтаа дахин дуугарлаа /Видео/

Share Button

Монгол-Германы хамтарсан „Орхон“ археологийн шинжилгээний анги 1200 гаруй жилийн өмнөх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос гайхалтай олдворуудыг нээж олов.

 

Орхоны хөндий дэх Уйгурын хаант улсын (744/745-840) нийслэл Ордубалык буюу Хар балгасыг 2007 оноос хойш Монгол-Германы хамтарсан „Орхон“ экспедици археологийн талаар шинжлэн судалж байгаа билээ. Тус төслийн судалгаанд, ХБНГУ-ын талаас: Германы Археологийн хүрээлэн, Монголын талаас: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль хамтран ажиллаж байна. 2018 оны зун монгол, герман археологичид Уйгурын нийслэлийн Ордон хотын худгийг нээж олов. Худаг хамгийн багадаа 12 метр гүн байсан төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байжээ. Худгийн модон байгууламж тун сайн хадгалагдаж үлджээ. Мөн худгийн ёроолоос маш сайн хадгалагдсан янз бүрийн олдворууд гарсан байна. „Ийм олдворууд археологич хүний амьдралд ганц л удаа тохиолдох байх“ гэж Германы Археологийн хүрээлэнгийн ажилтан Хендрик Рооланд олдворын ач холбогдлыг үнэлж хэлэв. Нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай урт модон шонгийн хугархай хоёр ширхэг олдсон нь нүүдэлчдийн урлагийн өндөр түвшинд хөгжиж байсан гар урлал хийгээд гадаад харилцааны гэрч баримт юм.

Олдворууд

Хонх маш сайн хадгалагджээ. “1200 жил худгийн ёроолд хэвтэж байсан хонх дуугарч байхыг  сонсоход үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байлаа“ гэж төслийн Герман талын удирдагч Кристина Франкен хэлсэн. Худгийн ёроолоос, хэрэглэгдэж байх үедээ унагааж, тэгээд тэндээ үүрд орхигдсон ваар сав хэд хэд гарсан нь маш сонирхолтой мэдээлэл өгчээ. Нэг вааран дээр Уйгурын хааны ургийн тамга сийлсэн байв. Энэ нь уг худаг он цагийн хувьд хотын амьдрал нэн идэвхтэй өрнөж байсан цаг үед холбогдох бөгөөд хэрэглэгчид нь хааны ордонтой холбоотой болохыг гэрчилж байна. Тэрчлэн худгийн ёроолд тунасан нойтон шавар дотор органик гаралтай материалууд хадгалагдан үлджээ. „Монголын хот суурины археологийн судалгааны түүхэнд ийм нойтон, устай нөхцөлд малталт хийсэн бараг анхны тохиолдол болов уу“ гэж доктор Франкен онцлон тэмдэглэж байна. Нойтон шавар дотроос нарийн сийлбэртэй модон эдлэлийн үлдэгдлүүдийн зэрэгцээ, метр гаруй урт хэмжээтэй, чий будагтай хоёр модон шонгийн хугархай олдсон нь одоо ч гялалзсан хар өнгөө тэр хэвээр хадгалжээ.  Чий будагтай модон шонгийн дээр модны шилмүүс, ургамлын дүрс бүхий гоёмсог хээг цоолборын аргаар маш сайхан урлаж гаргасан байна. Хэрэв ийм олдворууд ерийн нөхцөлд, газрын хөрсөнд байсан бол ингэж сайн хадгалагдахгүй, харьцангуй богино хугацаанд ялзарч алга болдог. Иймээс малтлагаас ингэж сайнаараа гарч ирэх нь туйлын ховор тохиолдол юм. Хар балгасын олдворууд нь археологичдын хувьд онцгой аз тохиосон хэрэг байв. Эдгээр олдвор нь Монголд 8-9 дүгээр зууны үед оршин тогтнож байсан эртний Уйгурын материаллаг соёлыг тольдон харах бололцоог олгож өглөө.  Уйгурын хааны сууж байсан нийслэл хотод гар урлал өндөр түвшинд хөгжиж байсан, тэгэхдээ Хятад зэрэг өөр бусад улс орны соёлын нөлөөг хүртэж байсныг зарим олдворууд гэрчилж байна. Түүний дотор Хятадаас авчирсан бололтой эд зүйлс ч байгаа юм.

Хар балгасын Ордон хот

Ордон хот буюу археологичдын „Цитадель“ гэж нэрлэдэг цайзат байгууламж нь 35 кв. километр талбай бүхий асар том хотын гол хэсэг болж байв. Хотыг Уйгурын эзэнт гүрний хоёр дахь хаан 8 дугаар зууны дунд үест үндэслэн байгуулжээ. 100 орчим жил оршин тогтносон хотыг Уйгурын заналт дайсан Киргисүүд довтлон ирж галдан шатаажээ. „Цитадель“ буюу Ордон хотын үлдэгдэл өнөөдөр ч тал нутгийн дунд алсаас бараантан сүр бараатай харагддаг. Тэгш дөрвөлжин хэрмийн овгор нь бараг 12 метр өндөр. Шавар шороо үелүүлэн дэлдэж хийсэн энэхүү хиймэл тавцан дээр барьсан барилгын чуулбарыг Монгол-Германы хамтарсан экспедици хэдэн зуны турш малтаж дундад эртний уран барилгын өвөрмөц зохион байгуулалтыг илрүүлээд байна. Тэрхүү барилгын чуулбар нь голдоо задгай хүрээ бүхий байсан бөгөөд түүний гол төв хэсэгт худаг байсан ул мөрийг судалгааны ангийнхан хоёр жилийн өмнө олжээ.  Худгийг мод, чулуугаар доторлосон бөгөөд доод хэсгийн нь бүтэц зохион байгуулалт илүү сайн хадгалагдаж үлдсэн байв. Цайзат хэрэм нь дотроо худагтай учир харийн дайсанд бүслэгдсэн ч хотыг хамгаалагсад нь цэвэр усаар гачигдахааргүй байжээ. Гэсэн хэдий ч 840 онд довтлон ирсэн Киргисүүдийн довтолгоог уйгурууд тэсч гарч чадсангүй. Булаан эзлэгсэд ордныг эвдээд шатаан түймэрдэж үнсээр нь хийсгэжээ. Худаг ч барилгын нуранги, үнс нурмаар дүүрч бараг 1200 гаруй жилийн турш ийнхүү дарагдан үлдсэн байна.

Уйгурууд хэмээх ард түмэн

Уйгурууд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд тухайн үеийн Хятад, Дундад Азийн бүс нутгийн Торгон замын худалдаанд гол үүрэг гүйцэтгэж байжээ. Тэр үе бол Хятадад байсан Тан улсын доройтлын цаг байсан тул тэд уйгуруудаас цэргийн тусламж авч байжээ. Энэ байдлыг уйгурууд чадамгай ашиглан эзэнт улсынхаа сүр хүчийг нэмэгдүүлж, баян эрхэмийн туйлыг эдлэж байсан байна. Уйгурын эзэнт гүрний хил хязгаар нь Байгаль далайгаас Дорнод Туркестаны цөл газар хүрч байв. Тэдний захиргаан дор Монголын тал нутаг, Төв Ази, Хятадын хооронд бараа таваар, хүн ам, санаа бодлын хөдөлгөөн нааш цааш нэн идэвхтэй өрнөж байжээ. Энэ байдлын нөлөө тусгалыг археологийн олдворуудаас ч харж болохоор байна. Чулуун арслан, дүрс үсэг бүхий бичээстэй хонх, чий будагтай модон шон, тэрчлэн барилгын чимэглэлийн зарим зүйлийг хятадаас ирсэн гар урчууд хийж гүйцэтгэсэн байх магадлалтай. Харин ордны уран барилгын хэв загвар нь Төв Азийн уламжлалын дагуу баригдсан байжээ. Худгийн ёроолоос малтаж гаргасан вааран сав зэрэг эдлэлүүдийг тухайн орон нутагт хийж байсан нь  эргэлзээгүй юм.

Олдворуудыг хадгалж хамгаалах асуудал

Малтлагын дараа, ялангуяа туйлын эмзэг модон эдлэлүүдийг зохих нөхцлийн дор удаан хугацаанд хадгалж хамгаалахад сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын нарийн төвөгтэй үйл ажиллагаа, тодорхой хэмжээний төсөв санхүү шаардагдаж байна. Герман, Монгол, Японы нарийн мэргэжлийн сэргээн засварлагчид хамтран эдүгээ Улаанбаатар хотноо Соёлын Өвийн Үндэсний төвд авчран хадгалж байгаа Хар балгасын олдворуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төлөвлөгөөг боловсруулж эхлээд байна. Сэргээн засварлах үйл ажиллагаа дууссаны дараа археологичид олдворуудыг цаашид нарийвчлан судалж дундад эртний Уйгурын ертөнц ба хөрш зэргэлдээх соёлуудын харилцаа холбооны асуудлын тухай шинэ мэдлэгт хүрнэ хэмээн найдаж байна.

Монгол-Германы Орхон Экспедици

 Доктор Кристина Франкен, Хендрик Рооланд, Германы Археологийн хүрээлэн

Доктор Уламбаярын Эрдэнэбат, МУИС-ийн ШУС-ийн Антропологи Археологийн тэнхим

Төмөр-Очирын Батбаяр, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн

Уйгурын эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын турь, Архангай, Хотонт
Хар балгасын Ордон хотын худгийн чулуугаар доторлосон хэсгийн байдал
Монгол-Германы Орхон Экспедицийн 2018 оны хээрийн шинжилгээний бүрэлдэхүүн
Хар балгасын эртний түрэг, нангиад, согд бичээст хөшөөний хагархай
Хар балгасын худгийн ёроолоос гарсан хүрэл хонх