Хайж байна...

МУИС-ийн оюутнууд “Говь” ХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

Оюутны хөгжлийн газрын Карьер хөгжлийг дэмжих үйлчилгээ нь оюутнуудыг ажлын байр, байгууллагын соёл, мэргэжлийн бодит орчинтой танилцуулах зорилгоор “Байгууллагатай танилцах аялал”-ыг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн танилцах аяллыг “Говь” ХК-тай хамтран зохион байгуулж, нийт 30 оюутан хамрагдлаа.

Аяллын хүрээнд оюутнууд “Говь” ХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ноолуурын ширхэгийг ангилан ялгахаас эхлээд будах, самнах, ээрэх, утас болон даавуу үйлдвэрлэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үе шаттай бодитоор танилцсан юм.

Мөн компанийн төлөөлөгчид байгууллагын хөгжлийн түүх, үйлдвэрлэлийн хүчин чадал, хүний нөөцийн бодлого, ажлын байрны орчин болон карьерын боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

“Говь” ХК нь 45 жилийн турш ноолуурын салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй үндэсний манлайлагч үйлдвэрлэгч бөгөөд өнөөдөр 1300 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажилтнуудынх нь 70 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг бөгөөд үйлдвэр жил бүр 1200 орчим тонн түүхий эд боловсруулж, 2.5 сая орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлдэг.

Үйлдвэрийн танилцуулгын үеэр оюутнууд ноолуур боловсруулах орчин үеийн технологи, чанарын хяналтын тогтолцоо, үйлдвэрлэлийн нарийн дамжлагуудтай танилцав. Тухайлбал, үйлдвэрийн будах хэсэгт 1780 хүртэлх өнгөний сонголтоор бүтээгдэхүүн боловсруулах боломжтой бөгөөд ноолуурыг будах ажиллагааны дараа 24 цаг амрааж, дараагийн шат болох самнах хэсэгт шилжүүлдэг зэрэг үйлдвэрлэлийн онцлог үйл явцыг сонирхон үзлээ.

Энэхүү аялал нь оюутнуудад танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэгээ бодит үйлдвэрийн орчинтой холбон ойлгох, ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны шаардлага, карьерын боломжийн талаар илүү өргөн ойлголт, бодит төсөөлөлтэй болоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Оюутнуудын карьер хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “Говь” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар