Профессор Мэн Шяосу БНХАУ-ын хөгжлийн бодлого, туршлагаас хуваалцлаа

Share Button

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн корпорацийн удирдах зөвлөлийн дарга, Хуйли сангийн УЗ-ын дарга, Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга Мэн Шяосу өнөөдөр /2019.03.13/ МУИС-д зочилж “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншлаа.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар профессор Мэн Шяосуг хүлээн авч уулзан МУИС-ийг товч танилцуулаад цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Уулзалт болон лекцэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин оролцлоо.

Профессор Мэн Шяосу нь Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд МУИС-д лекц уншиж байгаад талархаж илэрхийлж МУИС-ийн бүтээгдэхүүний дээжээс гардуулсан бол Ноён Мэн Шяосу олон жилийн түүхтэй Монголын ууган их сургуульд хүрэлцэн ирсэндээ таатай байгаагаа илэрхийлж “Цэцэглэн хөгжих стратегийн сонголт өөд зорих нь” хэмээх өөрийн гол бүтээлийн анхны хэвлэлтээс өргөн барив. Тэрбээр цаашид МУИС-тай хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх саналтай байгаагаа МУИС-ийн удирдлагуудад илэрхийлж байлаа.


Профессор Мэн Шяосу Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх хугацаандаа МУИС-д саатан БНХАУ-ын хөгжлийн бодлого, стратеги, дундаж давхаргыг дэд бүтцээр дэмжин хөгжүүлсэн туршлагын талаар лекц уншсан бөгөөд лекцэд МУИС-ийн оюутан, багш, ажилтан, эдийн засагчид зэрэг 150 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Мэн Шяосу БНХАУ-ын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх үе шатуудад биечлэн оролцож, “Хятад улсын үл хөдлөх хөрөнгийн эцэг” хэмээн нэрлэгдэх болсон дэлхийд нэр хүндтэй эдийн засагч билээ.

Мэн Шяосу лекцдээ “Манай улс 1.4 тэрбум хүн амтай, эдийн засгийг тогтворжуулах бодлого явуулж байна. Хятад хүмүүсийн худалдан авах чадвар 1996 оноос эхлэн нэмэгдсэн. Мөн оноос орон сууцны худалдан авалтыг хөгжлийн тулгуур болгосон. Миний хувьд 1997 онд Америк мөрөөдлийг Хятад мөрөөдөл болгох буюу иргэдийг орон сууц, хувийн унаатай болгох бодлогыг гаргасан юм. Ингээд 1998 оны долдугаар сараас эхлэн Төрийн зөвлөл орон сууцны зах зээлд өөрчлөлт оруулсан. Ингэснээр 20 жилийн өмнө тариаланч хүн газраа өөрийн хувийн өмч болгож байсантай адилаар хотын иргэд орон сууцаа өөрийн өмч болгосон. Энэ нь орон сууцыг барьцаалах, зээл олгох, орон сууцны сан бүрдүүлэх зэрэг маш олон арга хэмжээг авах боломжийг бүрдүүлсэн. Орон сууц, автомашин, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол тулгуурууд хөгжсөн юм. 2016 онд хотын иргэдийг орон сууцжуулах ажлыг маш амжилттай зохион байгуулав. Одоо хотын нэг айл дунджаар 100 ам метр орон сууцанд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, өрхийн нэг гишүүнд 36.7 ам метр талбай ногдож байгаа гэсэн үг. Үл хөдлөх салбарын бүтээн байгуулалт БНХАУ-ын эдийн засагт маш их нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын үл хөдлөхийн салбар 20 жилд 40 дахин өссөн бөгөөд эдийн засгийн өсөлтөд оруулах хэмжээ 10 дахин нэмэгдсэн. Одоогоос 20 жилийн өмнө Хятадын эдийн засаг дэлхийд долдугаарт орж байсан. Харин 2010 оноос дэлхийд хоёрдугаарт орж байна”.