МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн нар МУИС-ийн Завхан салбар сургууль дээр 4 сарын 26-27-ны өдрүүдэд томилолтоор ажиллаж, тус сургуулийн нөхцөл байдалтай танилцан, багш ажилтан, оюутнуудтай уулзалт хийлээ.
Томилолтын хугацаанд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний орчин, сургуулийн удирдлагын бодлого чиглэл, оюутны байрын нөхцөл байдал, ахуй хангамжтай танилцаж мөн аймгийн удирдлагуудтай уулзаж, сургууль аймгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж тодорхой асуудлуудаар хүсэлт тавьсан юм.
Завхан сургууль нь анх 1974 онд Худалдааны ТМС байдлаар байгуулагдаж, 1975 онд Техникум, 1992 онд эдийн засгийн коллеж, 1999 оноос МУИС-ийн ЭЗС-ийн салбар сургууль болсон бөгөөд 2010 оны Засгийн газрын 15-р тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон өргөжсөн билээ. Одоогоор 960 суудалтай хичээлийн байр, 200 оюутны дотуур байр, интернетэд холбогдсон компьютерийн лаборатори, 16000 ном бүхий номын сантай сургалт үйл ажиллагааны хэвийн орчинг бүрдүүлэх талаар сургуулийн захиргаа хангамж үйлчилгээний ажилтнууд идэвхи санаачлагатай сайн ажиллаж байгаа нь сургуультай танилцах явцад харагдаж байлаа.
Уулзалтын явцад номын сангийн барилгын өргөтгөл, дотуур байрны хаалга цонх шалны засвар, спорт заалны урсгал засвар болоод компьютерийн хангамжийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож даруй шийдэх шаардлагатай талаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдэж тохирсон юм.
Оюутнууд болоод багш ажилтны төлөөлөлтэй уулзаж, мөн санхүүгийн тайлан шинжилгээтэй танилцав. Энэ үеэр багш ажилчдын орон сууцны асуудал, цалингийн түвшинг нэмэгдүүлэх, элсэлтийн зохицуулалтыг шийдвэрлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх талаар төв сургуулиас дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа онцолж байлаа. Мөн судалгааны бүтцийг сургууль дээр бий болгох, эрдмийн зөвлөлтэй болох, профессорын баг байгуулах хүсэлтийг олон багш санал болгож байв. Ерөнхийдөө тус сургууль дээр шаардагдаж байгаа нэг гол асуудал нь зах зээлд эрэлттэй мэргэжлийн хөтөлбөрүүдийг шинээр бий болгох, ингэхдээ зөвхөн эдийн засгийн мэргэжлийн хүрээнд хязгаарлагдахгүй байх шаардлага, эрхзүй, статусын боломж бүрдэж байгааг хэлж байсан юм.
Тус аймгийн төгсөгчдийн холбоог зохион байгуулах, 70 жилийн ойг угтсан бусад аймгуудыг уриалсан уриалга гаргах талаар нилээд тодорхой ярилцлаа. Харин санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр хөгжлийн үзүүлэлтүүдийн тооцоо, ялангуяа санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн тооцоонд анхаарах, мөнгөн урсгалын тайлангийн үзүүлэлтүүдийг удирдлагын мэдээллийн хувьд бүрэн ашигладаг байх, тайлан шинжилгээнд мэргэжлийн багш нарын оролцоог нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэв.