Монгол Судлалын Хүрээлэнгээс Монгол Улсын нийгэм, боловсрол, шинжлэх ухаан, оюун санааны амьдралд цоо шинэ эргэлт хийсэн Монголын орчин үеийн ууган их сургууль болсон МУИС-ийнхаа түүхт 70 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зарласан олон улсын монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал 8 дугаар сарын 15-17 нд Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.
Тус хуралд дэлхийн 10 шахам орны 20 шахам их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 50 гаруй эрдэмтэн судлаачид монголын түүх, соёл, хэлбичиг, нүүдлийн соёл иргэншил, нийгэм, улс төрийн чиглэлээр илтгэл айлтгалаа хэлэлцүүллээ. Бага хуралд ахмад, дунд залуу үеийн төлөөлөгчид тэгш оролцсоны дотор дэлхийд нэр хүндтэй олон эрдэмтэн, зочид төлөөлөгч, эрдэмтэн доктор, судлаачид хүрэлцэн ирсэн байна.
Тухайлбал, Японы Токио Гадаад судлалын Их Сургуулийн профессор Х.Фүтаки, профессор К.Окада, судлаач Тоёо Мизүтани, Австралийн Үндэсний Их Сургуулийн монгол судлалын төвийн захирал, профессор Ли Нарангоо, ХБНГУ-ын Гөттөнгиний их сургуулийн доктор Рекэл Жоханес, ОХУ-ын ШУА-ийн Буриадын салбарын Монгол төвд судлалын салбарын захирал профессор Зориктуев, БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн төв ази судлалын төвийн дарга Чэнгэл, Баруун хойт цөөнх үндэстний их сургуулийн профессор Гэрэл, Японы Акитагийн их сургуулийн доктор Ганбагана, БНСУ-ын Хангүг Гадаад судлалын их сургуулийн Монгол судлалын салбарын эрхлэгч, профессор Д.Отгонцэцэг, Соон Чүн Хяаны Их Сургуулийн профессор Хонг Жин Ким, ОУМС Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, Д.Төмөртогоо, МУ-ын Төрийн шагналт, гавьяат багш, профессор Ш.Чоймаа, Улаанбаатар эрдэм оюу дээд сургуулийн доктор, профессор Л.Манлажав, СУИС-ийн Театр, урлагийн сургуулийн захирал, профессор Ж.Долгорсүрэн, МУБИС-ийн проректор, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Б.Пүрэв-Очир, МУ-ын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн ХЗХүрээлэнгийн захирал, академич Л.Болд, МУИС-ийн МХСС-ийн Утга зохиол судлалын тэнхимийн эрхлэгч, МУ-ын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн профессор С.Дулам, МУИС-ийн МХСС-ийн захирал, МУ-ын гавьяат багш Ж.Баянсан, МУ-ын гавьяат багш, МУИС-ийн профессор Э.Равдан, Япон Улсын Киотогийн Хүмүүнлиг, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн судлаач, элчин сайд, доктор З.Батжаргал, МУ-ын Гадаад Харилцааны Яамны ажилтан, доктор Я.Ганбаатар, нарын зэрэг улсдаа төдийгүй гадаад ертөнцөд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж, илтгэл хэлэлцүүлж, салбар хуралдааныг удирдаж, зохион байгуулахад оролцлоо.
Их Британы монгол судлаач Алан Сандерс, ХБНГУ-ын эрдэмтэн Удо Баркман, Хангүг ГСИС-ийн зочин профессор, доктор Ц.Сувд, нар хуралд эчнээ байдлаар илтгэл хэлэлцүүлсэн юм.
МУИС-ийн захирал, МСХүрээлэнгийн ерөнхийлөгч С.Төмөр-Очир, их сургуулийн ойрын болон хэтийн зорилт түүний дотроос монгол судлалын талаар өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал дэвшүүллээ. “Монгол судлалын шинэ чиг хандлага” ерөнхий илтгэлийг МУ-ын Төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаа тавьж, хурал “Монгол хэл бичиг”, “Монголын түүх соёл” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаанаар зэрэг хуралдаж нийт 50 шахам илтгэл хэлэлцлээ.
Мөн хурлыг ОУМСХолбоо, Монгол судлалын үндэсний зөвлөл, Oxford Business Group, New Media Marketing Agency Group санхүүгийн хувьд, МNC TВ, Eagle News TВ, SBN TВ зэрэг байгууллага, хамт олон хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч болсон нь хурал амжилттай болох нөхцлийг бүрдүүлэв.
Илтгэл тус бүрийг тухай бүрд нь шүүн хэлэлцэж ном хаялцсаны зэрэгцээ, хурлын хаалтын бүгд хуралдаанд илтгэлүүдийг нэг бүрчлэн дүгнэн хэлэлцэж, санал шүүмжлэл өрнүүлсний дотор иймэрхүү бага хурлыг тодорхой сэдвүүдээр жил бүр тогтмол зохион байгуулж байх, орчин үеийн Монголын судлалд анхаарал хандуулах, хурлаас дэвшүүлсэн санаа оноог нийгэмд үр дүнтэй ашиглах, зохих газруудад мэдээлэх хүргэх, зэрэг үнэ цэнтэй олон санал дэвшүүлснийг МУИС-ийн удирдлага талархан хүлээн авав.
Хурлын төгсгөлд зочид, төлөөлөгчид МУИС-ийн “Өвөр зайсан” амралтын газар тухлан саатав.
Ж.Бат-Ирээдүй (МСХ)