Хайж байна...

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич Ж.Болдбаатар агсныг МУИС-аас сүүлчийн замд нь үдлээ

Share Button

Өнөөдөр /2026.05.29/ Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич Ж.Болдбаатар агсныг МУИС-аас сүүлчийн замд нь үдлээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн удирдлагууд, ШУА, түүхийн салбарын эрдэмтэд, гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарын төлөөлөл оролцлоо.

Академич Ж.Болдбаатар 1949 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хайрханы өвөрт төржээ. 1957-1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1967-1971 онд МУИС-ийн Түүхийн ангийг төгсөж, 1979 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж, Түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1991 онд тус академид Түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Ж.Болдбаатар багш ажил амьдралын гараагаа Монгол Улсын Их Сургуулиас эхэлж, 1971-1976 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш,  1979-1991 онд Намын дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1991-1993 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-1997 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2009 онд МУИС-ийн  Түүхийн тэнхимийн эрхлэгч, 2009-2014 онд МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 2014 оноос Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, түүхийн шинжлэх ухааны төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан нэрт түүхч, сурган хүмүүжүүлэгч их хүмүүн байлаа.

Тэрбээр 2003 онд МУИС-ийн профессор цол хүртэж, 2004 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич хэргэм хүртсэн юм.

Ж.Болдбаатар МУИС-ийн Түүхийн тэнхимийг 10 гаруй жил удирдан ажиллахдаа түүхийн салбарын сургалт, судалгаанд өрнө, дорнын туршлага, онол-арга зүйн шинэлэг хандлагуудыг нэвтрүүлж, сургалт, судалгааг шинэ түвшинд гаргасан, дээд боловсролын салбарт 50 гаруй жил багшилсан нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Боржигин-тавт Жигжидийн Болдбаатарын хүнлэг энэрэнгүй сэтгэл, нөр их хөдөлмөрч, ажилч хичээнгүй зан чанар, өргөн цараатай мэдлэг оюун, эх түүхээ дээдлэх үзэл санаа үеийн үед өвлөгдөж, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

 

Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар