МУИС болон Японы Нагояагийн их сургуулийн анхны хос дипломыг ХЗС-ийн 7 төгсөгч гардан авлаа. Диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Хамагүчи, Монгол улсад суугаа Японы элчин сайд Такүо Кидокоро, МУИС-ийн ХЗС-ийн захирал С.Нарангэрэл болон багш, оюутан, эцэг эхчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцов. Энэ үеэр ХЗС-ийн захирал С.Нарангэрэл багшийн сэтгэгдлээс хуваалцлаа.
– Хуулийн чиглэлээр МУИС-д анх удаа хоёр орны сургууль дундын хамтарсан хөтөлбөр амжилттай хэрэгжиж, анхны үр соёолж байгаад баяр хүргэе?
– Тийм ээ. Японы засгийн газрын санхүүжилтээр “Японы эрх зүйн боловсрол судалгааны төв” төслийг 2006 оноос Нагояагийн их сургууль МУИС-ийн ХЗС-д хэрэгжүүлж эхлээд таван жилийнхээ үр шимийг өнөөдөр үзэж, анхны төгсөгчдөө угтан авсан баярт мөч тохиож байна.
– Төслийн гол зорилго юу вэ?
– ХЗС-д жил бүрийн шинээр элсэгчдээс 20 оюутан шалгаруулж аваад, эхний хоёр жил япон хэл сургаж, 3 дахь жилээс нь Нагояагийн их сургуулийн багш нар ирж, Японы эрх зүйн тогтолцооны талаар цогц сургалт явуулан, эцэст нь МУИС-ийн ХЗС-ийн сургалтын хөтөлбөр ба Япон хууль зүйн тусгай хөтөлбөрийн шаардлага хангасан шилмэл мэргэжилтэн бэлтгэх нь энэхүү төслийн гол зорилго юм.
– Эх орондоо суралцах хугацаандаа японы эрх зүйн дээд боловсролыг давхар эзэмшиж байгаа хэрэг үү?
– Бүхэлдээ Нагояагийн их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр хичээллэсэн. Анх 20 оюутан элсээд сая 7 хүүхэд төгссөн нь Японы сургалт их өндөр шалгууртай гэдэг нь харагдаж байгаа биз. Тэдний дундаас хамгийн сайн суралцагч нь Нагояагийн их сургуульд энэ намраас магистрантурт элсэн орох эрхтэй боллоо. Түүнчлэн үлдсэн хүүхдүүд Японы зүгээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдэд ажиллах, тэндхийн бизнесийн нэр хүндтэй байгууллагуудад мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байна. Ажлын байрны хувьд маш эрэлттэй байгаа.
– Энэ төсөл цаашид үргэлжлэх үү?
– Дахин 5 жил үргэлжлэн хэрэгжих юм. Одоо төслийн хүрээнд 5 курс хичээллэж байгаа бөгөөд нийт 10 удаагийн төгсөлт хийнэ. Дашрамд хэлэхэд энэхүү үр өгөөжтэй, Монголын хөрсөнд цаашид бэхжин соёолж буй, хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан, ялангуяа эрхзүйн харилцан туслалцааны чиглэлд өмнө нь бараг хэрэгжиж байгаагүй төсөл гэж онцолмоор байна.
– Төслийн ангид элсэгчдийн шалгуур өндөр үү?
– МУИС-ийн ХЗС-д элссэн оюутнаас япон хэлний бэлтгэл сайтай л бол шууд авна.