МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр хулгана жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг шалгаруулжээ. Уг үйл ажиллагаанд мэдээллийн технологийн салбарт түүчээлж гарааны компанийн үйл ажиллагааг амжилттай эрхэлж буй МУИС-ийн профессор А.Энхбаяр, судлаач оюутнуудын хамт “Гарааны компани” номинацид тэргүүлж, Цагийн хүрдийн есөн баатрын нэгээр шалгарлаа.
МУИС-ийн Гарааны дижитал солюшнс ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн виртуал симуляци, дижитал технологийг хөгжүүлэх чиглэлд олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, Өндөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиалгаар машин сургалтын алгоритмд суурилсан ухаалаг нүдний шил бүхий музейн хөтөч, Шарын гол ХК-ийн захиалгаар олон хэрэглэгч бүхий виртуал орчин дахь хүнд машин механизмын симулятор, байгалийн шинжлэх ухааны виртуал контентүүд болох хими, физикийн туршилтын лабораториуд, хүний биеийн анатоми, нарны аймгийн систем, түүх, нийгмийн ухааны чиглэлээр Рио Тинто Монгол ХХК, ШУТСангийн санхүүжилтээр “Виртуал Хархорум” төсөл, Монголын эртний сүм хийдүүд, Монгол орны байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг виртуал орчинд оруулах зэрэг 10 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.