МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн профессор, доктор Д.Баянжаргалын санаачилгаар төгсөх ангийн сурагчдын дунд 2022 оны 4-р сарын 16-нд ГАА-ийн Дэлгэр суманд Математикийн олимпиад амжилттай болж өнгөрлөө.
Олимпиадад ГАА-ийн 10 жилийн 9-н сургуулийн математикийн хичээлийн сонгон шалгаруулалтаар эхний 1-5 байр эзэлсэн 32 сурагч оролцлоо. Хэдийгээр олимпиадад сурагчдаас оролцуулахаар аймгийн 13 сургуулиас хүсэлтээ ирүүлсэн боловч цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас холын сумдын сурагчид оролцож чадсангүй.
Математикийн олимпиадыг ГАА-ийн Дэлгэр сумын уугуул, МУИС-ийн төгсөгч, “UB oil” компанийн захирал Ж.Сэргэлэн ивээн тэтгэж 1-р байр эзэлсэн сурагчид Их, дээд сургуулийн хагас жилийн сургалтын төлбөр болох 2 сая төгрөгийн, 2-р байрт 1 сая төгрөгийн, 3-р байр эзэлсэн сурагчид 500,000 төгрөгийн эрхийн бичиг олголоо. Мөн оноо тэнцэн тусгай байр эзэлсэн 4 сурагч болон сурагчдаа бэлтгэн амжилт гаргасан багш нарт санаачлагчийн зүгээс ном, дурсгалын зүйлс гардуулав. Дашрамд дурдахад Доктор Д.Баянжаргал нь 1988 оны Математикийн уламжлалт XXIV олимпиадын ГАА-ийн аймгийн аварга сурагч байжээ.
Энэ удаагийн олимпиадын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Олимпиадын үеэр зохион байгуулагдсан онцлог ажлаас дурдвал, МУИС-ийн профессор багш нар урилгаар оролцож, ахлах ангийн сурагчдад зориулан илтгэл тавьж, сургалт явууллаа. Үүнд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Төрийн соёрхолт математикч, ШУА-ийн Математик, Тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор /Sc.D/ Р.Энхбат “Хиймэл оюун ухаан ба Хэрэглээний математик”, Хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч, дэд проф., доктор С.Батбилэг “ЭЕШ-д бэлтгэх зөвлөмж”, доктор Д.Баянжаргал “Дотоод, гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж” сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж, Хэрэглээний математикийн тэнхимийн ахмад багш Л.Тунгалаг, доктор С.Батбилэг нар багш, сурагчдад ЭЕШ-ын зарим бодлогыг хэрхэн бодох талаар сургалт хийж, зөвлөгөө өглөө.
Мөн МУИС-ийн зөвлөх профессор, шатрын спортын мастер, доктор, профессор Р.Энхбат 15 ширээнд шатрын зэрэг тоглолт хийлээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ихэнх нь ГАА-ийн Дэлгэр сумын шатарчид байсан бөгөөд тэдний дунд малчид хүртэл оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой болгов. Шатрын спортын мастер Р.Энхбат 9 шатарчныг хожиж, 6 шатарчинд хожигдсон байна. ГАА-ийн Дэлгэр сум нь Монголын шатрын ууган Их мастер Д.Шаравдоржийн өлгий нутаг билээ.
Олимпиадын үер МУИС-ийн болон Хэрэглээний математикийн тэнхимийн хөтөлбөр сурталчилгаа мөн явагдлаа.
Уг олимпиадыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, сурагчдын математикийн боловсролын түвшин, чанарыг ахиулах, математик сэтгэлгээг хөгжүүлэх, математикийн хичээлд дур сонирхолтой болгох, ЭЕШ-д амжилт үзүүлэхэд нь туслах зорилготой байна. Олимпиадыг зохион байгуулахад ГАА-ийн Дэлгэр сумын болон сургуулийн захиргаа, ГАА-ийн Боловсрол, Шинжлэх ухааны газар, Соёлын газрууд хамтарч ажиллаа. Хамтран ажилласан бүх хүмүүс болон оролцсон сурагчид, багш нартаа баярлалаа.
МУИС-ийн ХШУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхим