Манай судалгаа | Монгол Улсын Их Сургууль

Share Button

Манай судалгаа | Монгол Улсын Их Сургууль

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс эрхлэн бэлтгэдэг “Манай судалгаа-Бид юу судалдаг вэ?” буюу МУИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын судалгааны ажлыг танилцуулах зорилго бүхий мультимедиа нийтлэлийн баг 2023 онд үзэгч, уншигч та бүхэнд 4 цуврал дугаарыг бэлтгэн хүргэлээ.

Өмнөх цувралуудыг үзэх

Цувралын тав дахь дугаарыг 2023 оны тусгай дугаар болгож МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нэр: Монгол Улсын Их Сургууль

Заадаг хичээл: Бакалаврын түвшний 8795, Магистрын түвшний 1733, Докторын түвшний 1343 хичээл

Судалгааны чиглэл: байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарч сургалт, судалгаа эрхэлдэг цорын ганц байгууллага

 

Хамгийн анхны судалгаа

1940 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар хотноо Улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гарч, БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх явдлын сайдын 1942 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай” тушаалаар МУИС-ийн анхны захирал томилогдон, 1942 оны 7 дугаар сарын 1-ээс Холбооны сургуулийн байшинг дээд сургуульд түр ашиглуулахаар чөлөөлж, 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улсын университет нээлтээ хийж байв.

МУИС-ийн хамгийн анхны судалгааг 1943 оны 7 дугаар сард тус сургуулийн хээрийн шинжилгээний анхны экспедецийн Алтайн цаадах говьд хийсэн хээрийн шинжилгээний ажил гэж үзэж болохоор юм. Учир нь тус экспедецийн үр дүнгээр бэлтгэсэн илтгэлийг 1944 онд сургуулийн анхны эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлжээ. МУИС-ийн зохион байгуулсан анхны эрдэм шинжилгээний энэ хурлыг нээж ректор Б.Ширэндэв хэлсэн үгэндээ “…манай сургууль эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өсөж хөгжих эхлэл тавигдаж буй нь энэ хурал юм” хэмээн онцолж байснаас харж болно. Улмаар 1946 онд анхны эрдэм шинжилгээний сэтгүүлийг “Ученые записки” нэртэйгээр эрхлэн гаргасан бөгөөд тус сэтгүүлийн өмнөтгөлд “Монгол залуус шинжлэх ухааны дуу хоолойг анхааралтай сонсож, хүн төрөлхтний суу ухааны бүхий л ололт амжилтыг шимтэн шингээж, хязгааргүй тал нутгаа шинжлэх ухааны туяагаар гэрэлтүүлэхийг эрмэлзэж байна. Үүнд манай “Ученые записки” сэтгүүл туслах ёстой” хэмээн сэтгүүлийн редакцаас бичжээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны өнөөгийн үзүүлэлт

Тimes Higher Education байгууллагын олон улсад их сургуулиудын эрэмбийг тогтоох  үнэлгээний аргачлал нь сургалт, эрдэм шинжилгээний бүтээл, эрдэм шинжилгээний бүтээлийн эшлэл, гадаад харилцаа, аж үйлдвэрээс олох орлого гэсэн 5 бүлэг үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд тус аргачлалын дагуу 2023 онд Монгол улсад анх удаа дээд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 61 их, дээд сургуулийн эрэмбэ тогтоох үнэлгээгээр МУИС  тэргүүн байрыг эзлэхийн зэрэгцээ, үнэлгээний 5 бүлэг үзүүлэлтүүдээс эрдэм шинжилгээний үзүүлэлт дээр хамгийн өндөр оноог авсан байна.

1967-2023 оны хугацаанд МУИС-ийн судлаачид Web of Science группын мэдээллийн системд бүртгэлтэй 1700 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, эдгээр эрдэм шинжилгээний бүтээлийн 70 гаруй хувь нь 20000 гаруй удаа эшлэгдэн, нэг бүтээлийн дундаж эшлэл 12,  H/эйч/-индекс 56 гэсэн үзүүлэлттэй байна.

МУИС-ийн судлаачдын Web of Science группын мэдээллийн санд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн олон бүтээлийг хүрээлэн буй орчин, экологи, математик, хэрэглээний математик, ургамал судлал, оптик, амьтан судлал, цөмийн физик, геологи болон физикийн салбар дундын  судалгааны чиглэлээр хэвлэгдсэн байна.

Судалгааны хэтийн зорилго

Монгол улсын их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний нэг тэргүүлэх чиглэлээ “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ” гэж тодорхойлсон. МУИС-ийн эрдмийн хамт олон судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон дэлхий дахины хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно гэсэн зорилгууд дэвшүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ, суурь судалгааг төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бүтцийг бий болгохыг зорьж байгаа юм.

Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ. Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн болгохын тулд энтрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж, технологи, инновацын дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулна хэмээн үзэж байна.

Судалгааны ажлын талаар нэмэлт мэдээлэл авч болох ном, сэтгүүл, кино, цахим хуудас эсвэл?

Дэлхий нийтээр мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг баялаг болгон хувиргах, байгаль орчин ба хүний эрүүл мэндэд ээлтэй шинэ технологийг боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн хөгжиж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд буй болсон шинэ мэдлэгийг инноваци, технологи болгон хувиргаж бизнесийн эргэлтэд оруулах, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэглээ болгон ашиглах шаардлага өсөн нэмэгдэж буй өнөө үед их сургуулиудын үүрэг оролцоо улам нэмэгдэж байна. Эрдэмтэн судлаачид болон авъяаслаг оюутнуудын судалгааны үр дүнг инноваци, технологийн бүтээгдэхүүн болгон хувиргаж хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна тэдний боловсруулсан оюуны өмчийг хамгаалах, нууцлалыг хадгалах, бизнесийн байгууллагуудтай холбож үйлдвэрлэлд шилжүүлэх, өндөр хөгжилтэй улс орнуудын бэлэн технологийг нутагшуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж МУИС-д “Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк”-ыг байгуулсан. Энэ парк МУИС-ийн нэр дээрх оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, лабораториудын ашиглалт үр дүнг нэмэгдүүлэх, судалгаа-туршилт-үйдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж технологийн кластер, хагас үйлдвэрлэлийн туршилт хийх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар