МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв “Миний судалгаа – Би юу судалдаг вэ?” мультимедиа нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. Тус цувралын анхны дугаарт МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, олон улсын харилцаа, аюулгүй байдал судлаач, зэвсэгт хүчний бэлтгэл офицер, хөлбөмбөгийн тайлбарлагч, аналист, уран зураг сонирхогч Б.Баярцэнгэл оролцлоо.
Миний судалгаа – Би юу судалдаг вэ?
Овог, нэр: Батжаргалын Баярцэнгэл
Мэргэжил: Олон улсын харилцаа, аюулгүй байдал судлаач
Албан тушаал: МУИС-ийн багш
Заадаг хичээл: Олон улсын харилцааны үндэс ба даяаршил, Дэлхийн тулгамдсан асуудал
Судалгааны чиглэл: Олон улсын харилцаа, аюулгүй байдал
Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: bayartsengel@num.edu.mn
Хамгийн анхны судалгааны ажил маань энхийг сахиулах ажиллагааны тухай байсан. 2008 онд хийж байлаа. “Олон улсын энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын оролцоо” гэсэн сэдэвтэй байсан. Энэ бол миний бакалаврын судалгааны ажил юм. Тухайн үед энэ сэдэв бол харьцангуй шинэлэг сэдэв байсан. Энхийн сахиулах ажиллагаанд улс орнууд ямар байдлаар оролцдог, эерэг болон сөрөг үр дагавар бий эсэх, бид яагаад энхийг сахиулах ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх тухай, цаашдаа ямар бодлого баримтлах зэрэг асуудлыг хөндөн судалгааны ажлаа хийсэн.
Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?
Сүүлийн жилүүдэд жижиг орнуудын аюулгүй байдал ба байгалийн баялаг гэсэн сэдвийг түлхүү анхаарч байна. Лондонд суралцаж байх үеэсээ энэ сэдвийг сонирхон “барьж авсан” юм. Энэ сэдэв бол миний мастерын судалгааны ажил байсан. Нэг үгээр бол Аюулгүй байдал ба байгалийн баялаг гэсэн сэдэв байгаа юм. Энэ асуудал нь нэг талаараа манай улстай шууд холбогдох, нөгөө талаараа дэлхий нийтэд харьцангуй нийтлэг байж болох зүйл юм. Манай улсын хувьд хоёр том хөрштэй гэдгээрээ яалтчгүй онцлог. Байгалийн баялагтай хэрнээ олон улсын харилцаан дахь оролцоо нь хязгаарлагдмал нөхцөл байдалтай улс дэлхий дээр олон байдаг л даа. Юуны өмнө судалгаандаа жижиг улс гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарсан. Эдийн засаг, улс төр, нийгмийн чадавх, олон улсын харилцаанд оролцож буй оролцоо зэрэг олон зүйлээр тодорхойлох боломжтой. Манай улсын хувьд олон улсын анхаарлын төвд байна гэж судлаачид болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардагийг манай үзэгч, уншигчид сайн мэдэх байх. Үүнийг олон янзаар тайлбарлаж болох ч байгалийн баялаг нь олон улсын анхаарлыг эерэгээр татаж байна уу эсвэл сөргөөр татаад байна уу гэдгийг харах нь гол зорилгуудын нэг нь юм. Өөрөөр хэлбэл манай улсын байгалийн баялаг их гүрнүүдтэй харьцахад давуу тал болж байгаа юу, сул тал болж байгаа юу гэдгийг харуулахыг зорьж байна. Судалгаа эцэслэгдээгүй байгаа тул шууд хариулт өгөх боломжгүй ч манай улсын хувьд гадаад бодлогодоо энэ талаар зөв тусгавал өөрсдийгөө ч өрөөлийг ч илүү сайн ойлгож, олон талаар тооцож, таамаглах боломжтой болох юм.
Хэтийн төлөвлөгөө, судалгааны амбиц
Судалгааны ажил хийж байгаа, тэр дундаа олон улсын харилцаа, гадаад бодлогын чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийн хувьд нийтлэг байдаг болов уу: тухайн судалгааны ажил нь гадаад бодлого, шийдвэр гаргах түвшинд хэрэглэгдэхүүн болж буй эсэх нь. Судалгаа бүтнээрээ биш ч гэсэн хэрэгтэй хүмүүст хүрч, бодлого шийдвэр ойлголтонд нь тусгалаа олоосой гэж хүсдэг. Мөн зөвхөн шийдвэр гаргах түвшинд бус олон нийтэд, академик хүрээлэлд ч судалгааны эргэлтэд орж байхаар түвшний судалгаа хийхийг эрмэлздэг дээ.
Аюулгүй байдал гэдэг ойлголт нэг талаараа хэт ерөнхий ойлголт байдаг. Нөгөө талаасаа олон талаас нь харж болдог онцлогтой олон талт шинжтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аюулгүй байдалтай холбоотой олон талаас нь тайлбарласан байдаг. Хүмүүсийн ойлголт, төрийн байгууллагууд, судлаачдын өнцөг ч мөн олон янз, байр суурь өөр өөр байдаг. Хүмүүс аюулгүй байдал гэхээр ихэвчлэн цэрэг, стратегийн аюулгүй байдал талаас хардаг талтай. Гадаадын цэргийн аюул занал, дайн тулаан гэх талаасаа ойлголт түлхүү байдаг. Гэтэл орчин үед аюулгүй байдал гэдэг ойлголт хүрээгээ тэлж иргэн хүний аюулгүй байдал, хувийн мэдээллийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх гэх мэт олон ойлголтуудын нэгдэл болсон. Аюулгүй байдлын талаар хүмүүсийн нийтлэг ойлголт нь нэг талыг барьсан, том сэдвийн зөвхөн нэг талаас нь харж тайлбарласан байдалтай ажиглагддаг. Тиймээс аюулгүй байдлын тухай Rigid буюу хатуу хэвшмэл ойлголтыг эвдэж Multifaceted буюу олон талд цогц концепц талаас нь судалгаандаа тусгаж гаргахыг хичээдэг.
Манай салбарын онцлог бол академик салбараасаа гадна олон улсын харилцаанд болж буй үйл явдлууд, тэр дундаа аюулгүй байдлын салбарт болж буй үйл явдлуудын талаарх мэдээ, мэдээллээ тогтмол шинэчилж байхыг, дэлхий нийтэд болж буй үйл явдлуудтай хөл нийлүүлж алхахыг шаардаж байдаг. Нэг талаасаа дэлхийн хүн гэдэг мэдрэмжийг төрүүлдэг боловч нөгөө талаасаа юм бүхэнтэй зэрэгцэж явах нь төвөгтэй байх тохиолдол бий. Энэ салбарын хамгийн чухал зүйл бол мэдээлэл. Тэр талаасаа олон талын мэдээллийн эх сурвалжуудтай ажиллах шаардлага үүсдэг.
Таны нэг өдрийн хэмнэл, хэв маяг
Миний хувьд шинэ өдөр 07.00-07.30 цагийн хооронд эхэлдэг. Өмнөх орой нь маргаашийнхаа хичээлийг төлөвлөж бэлтгэсэн байдаг учраас өглөө хичээлийн бэлтгэл гэх мэт ажлаас өөрийгөө чөлөөлдөг. Манай салбарын багш нарын бас нэг онцлог бол өглөө, оройдоо тодорхой цагийг гадаад мэдээ, мэдээлэл авахад заавал зарцуулна. МУИС-ийн багш нарын онцлог бол хичээлийн улирлаас хамаарч ачаалал өөр өөр байдаг. Миний хувьд намрын улирал ачаалал хэвийн байдаг бол, хаврын улиралд өндөр ачаалалтай. Тийм учраас судалгааны ажлуудаа намрын улиралд төлөвлөж хийдэг. Гэрээс ажилдаа ирэхдээ алхаж ирнэ. Хичээлийн цаг эхэлнээс хойш өлсөж, ядрах гэхээсээ илүү оюутнуудаасаа эрч хүч, энерги мэдэрч байтал нэг мэдэхэд хичээлийн цаг дууссан байдаг. Орой мөн алхаж гэртээ харина. Өглөө, оройдоо алхах нь олон давуу талтай. Өөрийнхөө бодолтой харилцах, өдрийнхөө ажлыг цэгцлэх, зарим ажлуудаа төлөвлөх цаг болж өгдөг юм. Гэртээ хариад маргаашийн ажлын бэлтгэлээ хийснээ дараа өөртөө цаг зарцуулах сонирхолтой. Олон төрлийн зүйл сонирхдогийн нэг нь уран зураг. Боломж гарвал зураг зурахад цаг гаргадаг. Мөн Эртний Грекийн сонирхолтой сэдвүүдээр ном унших, сонсох дуртай. Ер нь ажлаасаа өөр зүйл хийж амрах нь эргээд ажлын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг.
Б.Баярцэнгэлийн зурсан зарим зураг
Багш хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг, хэрхэн суралцдаг бол?
Таны мэргэжил эсвэл судалгааны ажлын тань талаар нэмэлт мэдээлэл авч болох ном, сэтгүүл, кино, цахим хуудас эсвэл?
Би хичээл дээрээ үзвэл зохих киноны жагсаалтыг байнга шинэчлэн гаргадаг. Залуучуудад хандаж хэлэх нэг зүйл бий. Юүтүб руу ороход олон янзын видео, контентууд бий. Ганц нэг зүйл үзээд түүгээр өөрийн ойлголтоо хязгаарлах, шууд дүгнэлт хийхээс зайлсхийвэл зохилтой. Таны санал нийлж байгаа, бас санал нийлэхгүй байгаа олон өнцгөөс харсан бичвэр, контентуудыг үзэж, уншиж, судалсны дараа дүгнэлт хийх хэрэгтэй. Миний хувьд онцолж хэлэх кино бол С.Бондарчукын найруулж 1970 онд гарсан “Ватерлоо” гэдэг кино. Энэ бол Ватерлоогийн тулалдаан буюу Наполеоны хамгийн сүүлийн том тулааныг харуулсан кино байгаа юм. Нөгөө талаараа олон үндэстнүүдийн тулалдсан түүх, цаг үеийн талаасаа ч тэр, түүний цаана буй кино бүтсэн түүх нь ч хүртэл сонирхолтой. Энэ киног ЗХУ, Итали зэрэг олон орон хамтарч хийсэн байдаг. Зөвлөлтийн зүгээс энэ киног хийхэд найруулагч С.Бондарчукт 20.000 цэрэг гаргаж өгсөн бөгөөд сонирхолтой нь тус кинонд оролцсон 20.000 цэргийг удирдаж, найруулсан найруулагч Бондарчук зураг авалтын хугацаанд Европ дахь 9 дэх том армийг удирдсан гэж тэмдэглэгдсэн. Мөн энэ кинонд нэг ч хийсвэр зураглал ашиглаагүй хүн, морь бүгд биечлэн тоглосон байдаг. Дараачийн нэг кино бол “Bridge of Spies”. Хүйтэн дайны тухай кино. Ер нь түүхэн киног үзээд эдгээр улсууд түүхийг ямар өнцгөөс хараад байна вэ гэдгийг ойлгох нь сонирхолтой. Номын хувьд Британника нэвтэрхий толийг санал болгоно. Бүгдийг нь цээжлэх албагүй л дээ. Гэхдээ ядаж гүйлгээд харчихад гэмгүй байдаг. Ялангуяа түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн талаар хамгийн товч байдлаар мэдэж авах боломжтой. Мөн манай мэргэжлийн сэтгүүлүүд бий. Манай сургуулиас гаргадаг “Олон улсын харилцаа” сэтгүүл болон “Стратеги судлал” сэтгүүл тэргүүтэй мэргэжлийн институци бүрээс гаргаж буй энэ салбарын мэргэжлийн сэтгүүлүүдийг уншиж байх нь чухал. Эдгээр сэтгүүлүүд ихэнх нь цахим хувилбартай болсон.
Би оюутнууддаа
гэж зөвлөдөг.
Миний судалгаа бол