Монгол Улсын Их Сургууль “М-Си-Эс Кока-Кола” компанитай олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсан бөгөөд үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж буйн нэг нь МУИС-ийн стратеги төлөвлөгөөний Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Энэхүү зорилтын дагуу багш, ажилтан, суралцагчдад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” уралдааныг М-Си-Эс Кока-Кола компани, Ти Эм Эл Пластик үйлдвэртэй хамтран зохион байгуулах гэж байна.

МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар сургуулиуд, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1500 гаруй багш, ажилтан, 25 мянган гаруй суралцагч ажиллаж, суралцаж байна. Тиймээс хуванцраа ангилах дадал суулгах зорилтот ажлын хүрээнд дараах багц ажлуудыг хэрэгжүүлж байна.
- Хуванцраа ангилан ялгах зориулалтын савыг хичээлийн байр тус бүрд өнгөрсөн оноос байрлуулав.
- Хуванцраа ангилан ялгах, Ти Эм Эл үйлдвэртэй танилцах гэх мэт шат дараатай сургалтыг зохион байгуулж байна.
- “Recycling Champion” уралдааны хүрээнд долоо хоног бүрийн Лхагва гарагт “Ти Эм Эл Пластик” үйлдвэр цуглуулалтын машинаар сургуулийн таван цэгээс цугларсан ус, ундааны хуванцрыг татан авна.
“Recycling Champion” хуванцар цуглуулах уралдаан нь 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд МУИС-ийн хэмжээнд дахивраа ангилан ялгах, цуглуулалт, тээвэрлэлтийн цогц системийг төлөвшүүлэхээр зорьж байна.
Хуванцраа хэрхэн зөв ангилах вэ?
Хуванцраа хэрхэн ангилах вэ?
Зөв ангилж цуглуулсан сав нь Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд болох “Bonaqua” усны савны түүхий эд болж, дахин боловсруулагдаж буй юм. Эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэн “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн цуглуулалтын албатай 7610-7711 дугаараар холбогдож, хуванцраа хүлээлгэн өгөх боломжтой.

